Муухай монгол хүн

2015 оны 11 сарын 19

        Олон  жилийн өмнө би номын дэлгүүрт “Бидний араншин – Гурван Монгол зодолдоно” нэртэй ном харж билээ. Нэрнээсээ эгдүү хөдөлгөх тэр ном “муухай” Монгол хүний тухай л даа. Монгол хүн хэдийнээс “муухай” болчихсон юм бол, угаасаа муухай байсан юм болов уу. Ер нь хүн гэдэг амьтан муухай юм уу гэх бодол үе үе сэтгэл холгон зурсхийдэг болчихсон  юм.

Манай монголчууд хүнтэй тааралдаад “Сайн байна уу, Сонин сайхан юу байна  даа” хэмээн мэндчилдэг. Энэ нь цөөхүүлээ, газар нутаг том хэрээр уулын амаар тарж, ганц нэг айлаар амьдардаг онцлогоос үүдэлтэй нэгнээсээ сонин сонсох гэж тэр л дээ. Аливаад сургаар ханддаг нь ч үүнтэй холбоотой байх. Телевизор байхгүй 1955 оны улсын наадмыг шугамын радиогоор сонсоод сууж байсан тухай хөгжилтэй дурсамж хүмүүсийн амны зугаа болдог. Радиотой айл нь ч цөөхөн байсан биз. “Энэ жилийн наадамд шоронгоос оргож явсан нэг бөх түрүүлчихсэн гэх юм. Үзүүрт цэргийн бололтой нэг хүн үлдсэн юм уу даа.” гээд жалгаараа шагшиж өгч. Үнэндээ тэр жилийн наадамд Төв аймгийн Баянбараатын харьяа Улсын арслан С.Оргодол түрүүлж “цэргийн ” хочтой Б.Бадам үзүүрлэсэн байдаг юм.

Энэ зан нь өнөөдөр соошиал ертөнцөд хүчтэй илэрдэг. Огт уулзаж үзээгүй хүнийхээ тухай сургаар магтаж тэнгэрт тулгах, муулж газар доор оруулах хандлага их. Хэдхэн хоногийн дараа нөгөө муулж байсан хүнийг нь магтаад эхэлбэл дунд нь орчихсон магтаад тууж явах жишээтэй. Ганцхан жишээ дурдахад Боловсрол соёл шинжлэх ухааны яамны нэг мэргэжилтэн уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хасах тухай яриа шуугиан тарьсан. Соошиал ертөнцөд тэрхүү мэдээлэл хөвдөнд тавьсан түймэр шиг дүрэлзэж яруу найрагч зохиолчид жагсахдаа тулсан. Гэвч ташаа мэдээллийн  талаар хэвлэлийн бага хурал зарлах нь холгүй юм болж үнэн мэдээллийг нь хүргэхэд уран зохиолын хичээлийг хасах биш бүр нэмж өргөжүүлэх  тухай байв. Энэ мэтчилэн соошиал ертөнц  яг далай шиг, салхины аясаар давалгайлах мэт. Ямарваа нэг мэдээний сэжүүрээс атгаж аваад хоёр хуваагдан маргалдаж эхэлнэ. Маргалдагчид сөрөг байр суурьтай байгаагаа “Тэр гишүүнийг дүүжилж ална” гэсэн фэйсбүүк групп нээж хүчтэй илэрхийлж бухимдлаа түр ч болов намжаана. Тийм группд элсэгчид ч мундахгүй. Нийлж аваад бухимдлаа баахан тайлж авна. Тэр гишүүн бухимдлыг нь уншдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Хамгийн хөгжилтэй нь тэр группд сөрөг байр суурьтай, нөгөө эчнээ дүүжлүүлэх “ял заагдсан” нөхрийг өмөөрөх хүмүүс  ч байдаг. Маргалдаад л нэг нэгийгээ “ална, шулна”-даа тултал хийрхэж өгнө. Тухайн  гишүүний асуудал маргалдагч хоёр талын хэнд нь ч огтоос хамаагүй байсан ч тэр. Нөгөө л гурван Монгол зодолдоод эхэлдэг гэсэн үг. Магадгүй хэрүүлийн алим шидэнгүүт үмхээд авдаг тэр чанарыг маань хэн нэгэн хөндлөнгөөс  ашигладгийг ч үгүйсгэхгүй.  

#Соошиал #Монголхүн

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26468
0 эможи
keyboard_arrow_up