Эндрю Гербер: Эргээд гэрт амьдрахсан

2015 оны 11 сарын 13

Монгол дотоод ертөнцийг маань баяжуулж, нүдийг минь нээсэн

Нэгдсэн улсын Калифорни мужид нутагтай Эндрю Гербер Архангай аймгийн Хашаат сумын сургуульд гурван жил багшилжээ. Хэдийгээр тэр өдгөө нутаг буцсан ч Монголд өнгөрүүлсэн өдрүүд өөрийг нь хамгийн ихээр өөрчилсөн тухай дурсах дуртай. Тийм учраас хувийн блог болон фэйсбүүк хуудаснаа энэ тухай тэмдэглэл хөтөлж, зураг зурснаа хуваалцдаг. Монголын тухай зурсаар буйгаа тэрбээр ийн тайлбарлаж байна:

-Би багаасаа зурах дуртай байсан ч их сургуульд элсэхдээ өөр мэргэжил сонгосон. Гэхдээ долоон жилийн өмнө Японд сурч байхдаа ч, гэр лүүгээ буцсан хойноо ч тэгтлээ их зурдаггүй байв. Харин дөрвөн жилийн өмнө буюу 2011 онд Энхтайвны корпусын шугамаар Монголд ажиллах болсноосоо хойш зурах давтамж маань эрс өссөн. Магад хөдөө нутагт огт таних хүнгүй ганцаар байсан маань нөлөөлсөн биз. Ер нь бичих, зурах хоббитой байх нь санхүүгийн талаас хялбар шүү дээ. Зөвхөн цаас, харандаа байхад л хангалттай. Нэгэн удаа сумын сургуульд хамт ажилладаг багш нар зурах дуртайг маань мэдээд ханын самбар, хичээлийн үзүүлэн бэлтгэхийг санал болгосон. Үүнээс хойш би ч өөрийн хичээлийн үеэр зурсан зургаа ашиглаж эхэлсэн нь хүүхдүүдэд ч таалагдсан. Түүнээс хойш зурагт ном, хүүхэлдэйн киноны дүрслэл шиг зурдаг болж өөрчлөгдсөн. Жишээ нь шинэ үг, хэлц заахдаа зурж үзүүлбэл хүүхдүүд хэзээ ч мартахгүй. Нөгөө талаас хөдөө нутгийн амьдралыг зурахын тулд нарийн ширийн бүхнийг сайн ажиглах ёстой. Энэ үүднээс надад ч нэг хичээл болсон гэсэн үг.

Юутай ч зургийг маань харсан хүн нэг шинэ зүйлийг мэдэж аваасай гэж хүсдэг. Угаас энд ихэнх хүн Монголын хөдөө нутаг, малчин амьдралын тухай ойлголт багатай шүү дээ. Зураг төдийгүй амьдралд маань ч Монгол оронд өнгөрүүлсэн өдрүүд, дурсамж чухал нөлөөлсөн. Тиймээс ч цаг үеийн мэдээллийг нь байнга сонирхож, блогоороо дамжуулан хуваалцаж, хүмүүсийн амьдралыг дүрслэхдээ дуртайгаас гадна үүрэг маань гэж үздэг. Чин үнэнийг хэлэхэд, анх тийш томилогдохдоо тэнд амьдарч чадах эсэхтээ эргэлзсэн шүү. Харин өнгөрсөн жил гэр лүүгээ буцаж ирэхдээ өмнөхөөсөө хамаагүй илүү өөртөө итгэлтэй, хүчтэй хүн болсноо мэдэрч байсан.

Гэр, дээл, тал нутаг бол одоо ч гэсэн амьдралын минь нэг хэсэг гэж хэлж чадна. Өмнө нь Японд нэг жил амьдарсан ч тэнд уламжлал нь ихэд алдагдаж, бүх зүйл нь орчин үеийн хэв шинжтэй болсон нь гунигтай бөгөөд уйтгартай. Харин Монгол, ялангуяа хөдөө нутагт үүнээс яг эсрэгээрээ. Нүдийг минь нээж, дотоод ертөнцийг маань баяжуулсны учир энэ болов уу. Ганцаараа гэрт амьдарч, түлээ хагалж, усаа зөөж, цоо шинэ зүйлсийг ямар ч интернэтгүйгээр сурах нь маш сонирхолтой бөгөөд сайхан. Яг л малчин хүн шиг амьдарсан үеэ одоо ч их санагалздаг. Сүүлд нутаг буцахын өмнөхөн манай суманд анхны хар зам тавьж эхэлсэн. Тэр замыг дагаж мөн л шинэ зүйлс, орчин үеийн ололт амжилтууд суманд аажим аажмаар хүрч очно. Хэзээ нэгэн цагт эргэж очиход мэдэрсэн бүхэн маань, уулзсан хүмүүс, найз нөхөд маань тэр хэвээрээ байх болов уу гэсэн асуулт үе, үе надад төрдөг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26391
0 эможи
keyboard_arrow_up