Р.Эмүжин: Монгол хүн мориноос 20 жил хол байсан ч, хоёр үедээ алс хотожсон ч, ийнхүү адуундаа эзэн, унаандаа удамтай ижилддэг ховор гентэй юмсанжээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн онцлох хөтөлбөр "ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ"-д 14,700 морьтон жагсаж, Монгол Улс бол дэлхийн адууны орон гэдгийг илэрхийлэн, адууны соёл, өв уламжлалыг сурталчлан таниуллаа.
Тэгвэл энэ талаар Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Дөрвөн түмэн туурайн чимээнд…" гэж онцоложээ.
Тэрбээр " За 13 мянган морьтны дунд хэдэн цаг цогиж, шогшиж, давхиулсны хувьд харсан үзсэнээ ярьж өгнө өөө. Хөөрхөн бор морьтойгоо уяанаас хөдөллөө, морьтон олны дунд хуйлраад л яваад орчихлоо шүү. Эхэндээ чухам эндээс ч адуу дайрчих вий, тэндээс ч эрэмгий залууст хамагдчих вий гээд жолооноосоо тас зуураад л, эмээлдээ нам шигдээд явж өглөө. Нэг их танил төрхтэй залуус хуяг дуулга, дээл хувцсаа засаад завгүй, мориныхоо чихийг ширтээд, мэндэлсэн болгонд нь наадмын мэнд илгээсэн болоод тэр хавиар баахан эргэцлээ.
Тэгсэн өнөө хэд чинь алдарт The Hu хамтлагийнхан байдаг юм даа. Урлаг соёлынхон, улс түмэнтэйгээ нийлээд давалгаалсан олон морьтны дунд нэг л мэдэхэд автлаа.
Бүгд хул шар хантаазаар ижилдсэн, шарга морьтой, арав арваараа хойшоо хэдэн эгнээ сунасан бөөн хүн шуугиад л ороод ирлээ. Өмнийн говийнхон гэнэ ээ. Хөх голдуу дээл хантаазтай, морьт цэрэг шиг сахилга баттай орж ирсэн улс Хөвсгөл гэж байна. Говь-Алтайнхан их говио, эрмэг уулстайгаа үүрээд иржээ. Ховдын цэнхэр хязгаарынхан ховор зүсмийн морьдтой, олон угсаатны хувцас гоёлоороо ялгарчээ.
Аймаг аймгаараа аргагүй аархаж байна аа. Мань мэт нь зүгээр мориныхоо нуруун дээр тогтож л явбал гүйцээ, өөр юун тэр эгнээ барих, 10, 10-аар ижилдэх вээ.
Гэтэл яав, хөдөөний хөрслөг бор, хөөрхөн шар хүүхнүүд залуус чинь тэнд чухам дураараа дэрвэж, зоргоороо туйлж байна. Хамгийн нялх нь гурван настай эгдүүтэй хоёр хүү байлаа. Аав ээж нь иж бүрэн монгол хувцсаар үрсээ гоёж, бага адуун дээр бяцхан хөөрхөн эмээл тохоод, хүүхдээ дагуулжээ, нөгөө жижкэнүүд алганд багтмаар дөрөөгөө бат жийгээд, жолоогоо тас атгаад, чухам тэнд уйдах зав алга. За нөгөө толгойн чимэг, унжлага гоёл, монгол малгай, аяганы уут, алдын тэнзэн ташуур, арга билгийн бүрэн өмсгөл зүүсгэлтэй хөдөөний хүүхнүүд гэдэг чинь одтой ч юм, гэрэлтэй ч юм. Хүүе эгч ээ, бор мориороо ижилдэж эгнээнд оръё оо, хамт явъя гээд дуудаж байна. Тэднийг дагавал авч давхиад, аарцаг задлах байх ооо гэсэншүү юм бодсоор, бор морио аргадаж баахан идүүллээ.
Хамгийн ахмад настан гэж би хувьдаа харсан, 70 гаруй насны, бүрэн гоёлтой эхнэрийнхээ унааг цулбуурдан хөтөлж, бүтэн тоногтой хос морьдоо ташуурдан хурдалж яваа сайхан ах эгч хоёр аргагүй нүд булааж, сэтгэл хөдөлгөлөө. Эмгэнийхээ толгойн гоёлыг засч өгөөд, малгайнх нь хүрээг буулгаж халамжлаад, тэр хоёр бүүр өдий насанд үрээ морин дээрээ амьдраад байна, хөөе. Эхэндээ ч “Энд хүн биш, адуу захирах юм байна” гэж бодогдсон шүү.
Нэг харсан дуучин Баясгалан морио давираад л хажууханд цогиж явна, бүрэн хуяг дуулганы цаанаас өнөө танил донжтой ялдам инээмсэглэл…Чингис хаан хамтлагийн Жагаа ах нөгөө дэгжин малгайтайгаа эмээл дээрээ өндөлзөөд ташуур өргөж байна. 20К клубын хот маягийн залуус хоршоод тууж явна. Монголжингоо холбооны хүүхнүүд гэнэ ээ, бүүр яг тэнгэр гялбатал хосолжээ, яасан ч гоё юм, яахаараа ч тийм золбоотой юм.
Монгол хүн гэдэг мориноос 20 жил хол байсан ч, хоёр үедээ алс хотожсон ч, ийнхүү адуундаа эзэн, унаандаа удамтай ижилддэг ховор гентэй юмсанжээ.
Сайхан мөв мөрөөрөө мөөмөө савчуулаад шогшиж явтал зуугаад морьтон шуугиад л ороод ирж байгаа юм. Дайрах нь дээ гэж бодож амжихын зуур адуу мал гэдэг чинь ар өврөөрөө сүлжилдээд, баруун зүүнээр багшралдаад гараад явчихна, тэд зүгээ алдахгүй, би ч зүгээ бариад үлдэнэ. Эгнээндээ жагссан хэдэн зуун морьтны дундуур эгнэж ижилдсэн хэдэн зуун морьтон сүлжилдээд зөрөөд гарч байна, нэг ч хүн сугарч үлдэхгүй, нэг ч адуу үргэж харвахгүй…Олон адуу хараад унасан би байтугай, унаж яваа бор морь маань хөөрөөд өөр, өөрийн авир аашийг гаргалаа даа. Хашгирлаа, дууллаа, гииийнгоооо энэ тэр гээд байна аа бас. Бор морь цогилоо, давхилаа, үүрслээ, шээлээ, янцгааж үзэж байна, дур дураараа л юм боллоо. За тэр улаан залаат малгайгаа тавьж, уужим дээлээ сугалдаргалж, урт ташуураа хөндөлдүүлж, унаа морио давирсан монгол эрчүүд гэдэг чинь юун эмс охидын сэтгэл байтугай, энэ дэлхийн зүрхийг бүтнээр нь догдлуулан чичрүүлэх агуу их эрчимтэй болдог ажээ.
Түмэн адууны тоос, түмэн морьтны эрч хүч, дөрвөн түмэн туурайн чимээнд нэгэн өдрийг үдэв, амьдралдаа мартахгүй ай мөн аатай өдөр байлаа.
Өчигдөр хөөрч баахан давхисан, өнөөдөр гуя өгзөг гээд гуа гоо бүхэн минь өвчин оржээ, өөртөө жаргалтай хорвоо юм даа.
За орой аж амьдралын хэсгийг нь бичимз эээ" хэмээжээ.
