Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 60 га талбайг элсний нүүдлээс хамгаалжээ

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Монгол Элсний Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн (УТХГН) Хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын захиргаа, БОАЖЯ болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2017 оноос эхлэн байгалийн тогтвортой байдлыг хангах үүднээс хамтран үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр 2018 онд 24.7 га талбай, 2020 онд 36 га талбайд элсний нүүдлийг сааруулах хамгаалалтын хашаа татсан байна. Монгол Элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа тус хашаалсан талбайд мод суулгаж, арчлан тордсоноор өнөөдрийн байдлаар ургац 95%-тай ургажээ.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын малчин иргэд 2022 онд хашаалсан талбайн ургацаас 17 тонн хадланг хураан авсан байна.

Мөн өвлийн цагт биотехникийн арга хэмжээ зохион байгуулж монгол бөхөнг хамгаалдаг учир зэрлэг амьтдын идэш тэжээлд хамгаалалтын зурвасын 10 га талбайг гаргаж өгч байгаа гэж Монгол Элсний УТХГН-ийн хамгаалалтын газрын дарга Н.Үйтүмэн мэдээллээ.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар болон Хөхморьт сумын ЗДТГ, Монгол Элсний УТХГН-ийн захиргаа хамтран тус сумын элсжилтийн өнөөгийн төлөв байдал, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлох суурь судалгааг 2022 оны наймдугаар сарын 13-наас 21-ний хугацаанд гүйцэтгэсэн байна.

Тус судалгааны үр дүнгээр "Отор, нүүдэл, бэлчээрийн даац, усны нөөц, цэвэр усны хангамж, элсний нүүдлээс улбаалсан эдийн засгийн хохирол, газрын доройтол зэрэг асуудлууд хурцаар тулгамдаж байгаа. Малчин ардын дөрвөн улирал ээлжлэн нүүдэллэх соёл алдагдах, мөн малын тоо толгойн хэт их өсөлтөөс хамаарч багагүй газар цөлжих эх үүсвэр болдог. Бидний судалгааны үр дүнгээс харахад хөрсний ихэнх хувь нь шим тэжээлгүй хөрс байсан бөгөөд, бордоог зохих хэмжээгээр ашиглан хөрсний шим тэжээлийг нэмэгдүүлэх, зарим газруудыг хашаалж нөхөн сэргээх, элсний механик хамгаалалт хийж агро ойн зурвас байгуулж элсний нүүдлийг сааруулах нь зүйтэй" гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн 2012 оны судалгаагаар "сумын дийлэнх хэсэг нь элснээс тогтох бөгөөд байгалийн болон хүний оролцоотойгоор сумын төвийн эргэн тойронд асар том манхан тогтох болсон. 3.2% нь нэн хүчтэй, 14% нь хүчтэй, 27.3% нь дунд зэрэг, 37.3% нь сул, 17.2% нь цөлжилт илрээгүй" гэсэн дүгнэлт гарч байжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650522
0 эможи

keyboard_arrow_up