Уяач Ц.Мөнх-Эрдэнэ: Сунгаанд 30 гаргаж давхиад байсан соёолон маань түрүү магнайд давхилаа
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаан болж, морьд бариандаа орж ирлээ.
Соёолонгийн уралдаанд хээр соёолон түрүү магнайд хурдалсан юм. Тэгвэл хээр соёолонгийн уяач Ц.Мөнх-Эрдэний сэтгэгдлийг сонсвол тэрээр "Төрийнхөө их баяр наадамд соёолон насаар түрүү магнай хүртлээ. Энэ жил маш сайхан наадамлаж байна. Сунгаагаар 30 гаранд давхиад байсан соёолон ийнхүү түрүү магнай хүртлээ. Ноднин Налайх дүүргийн наадамд аман хүзүүнд орж байсан. Мориныхоо уяаг сойлгыг Дорнод аймагт тааруулсан. Энэ жил анхны уралдаан нь. Уяач хүний хамгийн бахархалтай зүйл нь соёолон түрүүлгэх шүү дээ. Маш их баяртай байна. Монгол түмэн минь сайхан наадаарай.
Энэ жилийн наадмын зохион байгуулалт маш сайн байна." хэмээлээ.