Улсын алдарт уяач Э.ДАШЧИРЭВ: Хээр үрээ маань дан уяагаар улсын баяр наадамд уралдаж, түрүүллээ
Хүннү гүрний 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр цэнгэл наадам хязаалан насны морины уралдаанаар тод магнайд хурдалсан Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Т.Жаргалсайханы хээр үрээг улсын алдарт уяач Э.Дашчирэв уяж, хурдлуулжээ. Түүний баярын сэтгэгдлийг хүргэж байна.
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Хэнтий аймгийн харьяат улсын алдарт уяач Э.Дашчирэв “Баярлалаа, сэтгэгдэл өндөр сайхан байна. Улсын наадмын анхны уралдаанд уяасан хязаалан маань хурдаллаа. Энэ адуу Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Т.Жаргалсайханы унаган морь. Өмнө нь уралдаж, амжилт гаргаж байгаагүй. Битүү үрээ байгаа юм. Дан уяагаар улсын баяр наадамдаа ирж уралдаж, түрүүллээ. Миний хувьд урд нь хязаалан насны морийг улсын баяр наадамд түрүүлүүлж байсан удаатай” гэлээ.