Нийслэлд ЦЭРГИЙН БҮРТГЭЛ нэгдүгээр сарын 4-нд эхэлнэ
2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ. Нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.
Бүртгэлд хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан.
Иргэд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ.
Мөн онлайнаар буюу “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
18 нас хүрч буй иргэний хувьд хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой” хэмээв.
И-Монгол Академийн салбар хоорондын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг гурван сувгаар авна. Тодруулбал, “e-Mongolia” гар утасны аппликэйшн, www.e-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийсэн. Тодруулбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна.
18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессэжийг системээр харуулж байгаа.
Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй, эсвэл хаясан, гээсэн бол эхлээд цэргийн үүрэгтний үнэмлэх авсны дараа цахимаар бүртгэлд хамрагдах шаардлагатай. Тиймээс энэ мессэжийг хүсэлт илгээхээс өмнө харуулж байгаа. Түүнээс гадна цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх зааварчилгаа видео бэлдсэн” гэв.