ЦАГ АГААР: Энэ сарын 6-10-ны өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар ЦАС ОРНО
Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тариаланчдад энэ сарын 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхааруулж байна.
Энэ оны аравдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Тодруулбал,
- 6-нд барууны хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр
- 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг,
- 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Салхины хувьд:
- 6-нд Алтайн салбар уулсаар,
- 7-нд зарим газраар,
- 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж.
Түүнчлэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 8-нд ихэнх нутгаар хүйтрэхээр байна.