Шинэ харцагын цолыг 3 өрөө байр, гараашаар МЯЛААЛАА
Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүч үзэн уран мэх, ухаан хүчээр наадамч олноо цэнгүүлэн барилдаж, Монгол Улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгонд хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам энэ сарын 14-нд Төгрөг суманд зохион байгуулагдлаа.
Тэрбээр 2016 онд сумын заан, 2019 онд аймгийн харцага, 2020 онд аймгийн заан цол хүртсэн бол энэ жилийн наадмаар тав давж Улсын начин, зургаа давж Улсын харцага цолд хүрсэн билээ.
Уран барилдаанч Улсын харцага Ц.Бямба-Отгоны Үндэсний их баяр наадмаар гаргасан амжилтыг үнэлж УИХ-д Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд Улаанбаатар хот дахь Төгрөг сумын нутгийн зөвлөл, Өвөрхангай аймаг дахь Төгрөг сумын Нутгийн зөвлөлтэй хамтран нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан орон сууцны 3 өрөө байрыг автомашины гараашийн хамт бэлэглэж шинэ цолыг нь мялаалаа.