Даншиг наадамд уралдах морьдыг ОЙРЫН ЗАЙД уралдуулна
Наймдугаар сарын 6, 7 буюу ирэх амралтын өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болно. Энэ үеэр хязаалан болон их насны морьдын уралдаан, жороо морины уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс өчигдөр хуралдлаа.
Уралдах морьдыг наймдугаар сарын 5-нд бүртгэнэ. Даншиг наадмын морины уралдаан Үндэсний их баяр наадмын морины уралдаанд баримталдаг зарчмаар явагдана. Үндэсний их баяр наадмын хууль болоод Засгийн газраас баталсан Хурдан морины уралдааны дүрмийн дагуу бүхий л наадам, уралдаан явагддаг.
Тэгэхээр уралдуулах морьдын сэрвээг хэмжинэ. Хурдан морины уралдааныг зохион байгуулахад нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон манай Цэргийн штаб бүрэлдэхүүнээрээ, даатгалын байгууллагууд ажиллаж байна. Унаач хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байгаа.
Үндэсний их баяр наадмаас хойш аймаг, сумдын ойг өргөн хэмжээнд тэмдэглэлээ. Бүсийн уралдаанууд ч боллоо. Тиймээс морьд давхар уяатай байж болзошгүй учраас нийслэлийн Морин спорт, уяачдын холбоо болон бусад холбоодоос гаргасан саналыг үндэслээд хоёр насны уралдааны зайг татаж багасгасан. Тухайлбал, их насны морьдыг 17-18, хязаалан насны морьдыг 13-14 км-ын зайд уралдуулъя гэж шийдсэн” гэв.