Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх Ховдынхны хэргийг шүүх хэзээ шийдэх вэ
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон 30 хүнийг шүүх хурлыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч уг хэргийн нэг шүүгдэгч, “Хүсэл трейд”ХХК-ийн захирал Хумаажаагийн Бат-Эрдэнэ болон өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нар“Ковид-19” өвчилсөн, өмгөөлөгч Б.Бадраа эл өвчний халдвартай хүний ойрын хавьтал болсон, өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хурал давхацсан, өмгөөлөгч Г.Баяржаргал, Ц.Бат-Өлзий нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг шалтгаалж ирэх сарын 15-ны 09.00 хүртэл хойшлуулав. Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Бийцээгийн Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Чилхаажавын Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан Сэдбалын Чинбат, Ганбатын Эрдэнэ-Очир, “Бэлон” ХХК-ийн захирал Рагчаагийн Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Цэрмаагийн Ганболд, ОХУ-ын иргэн Марк Александрович Кожинов, Игорь Владимирович Гуськов тэргүүтэй 30 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн”, 22.4, 22.5-д заасан “хээл хахууль авсан, өгсөн”, 24.2-1-ийн “Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон”, 18.6-3хэсгийн “мөнгө угаасан”, 21.10-1-т заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс хойш 14-15 удаа хойшлоод буй юм.