Наадмын тухай ЭРТЭЧХЭН БОДОЛ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Улс орон даяар цар тахлын гамшиг төдийлэн намжаагүй ч "Ковидгүй зун" гэсэн урианд урамшсан ард олон сайхан наадахсан гэж яарч байгаа нь мэдээж л дээ. Аргагүй л дээ. Ноднин олигтой наадамлаж чадаагүй, түүнээс хойш ч цар тахлын улмаас наргиа наадмаар "өлссөн" л байгаа. Юун олигтой наадаагүй гэж цахимаар наадах чинь билээ гэж хэлэх хүн гарах л байх. Уг нь тийм нэг наадам болсон нь үнэн. Даанч дүрсан ярих юмаар (тааруу, үзэгчгүй цахим наадам гээчийг зурагтаар үзсэн л дээ.

Монгол төрийн наадам гэдэг чинь үндсэн агуулгыг нь хэлэх юм бол түм олноороо хөөр хөгсөөнд автаж нөгөө хэвшсэн хэллэгээрээ дэнж хотойлгон оригоороо баярлаж цэнгэхийг чухалчилдаг уламжлал бий. Хүн бүр наадамдаа өнгөтэй өөдтэйгөө өмсөн гоёж очоод өөрөө бүрэлдэхүүн нь болж оролцогч нь байж сэтгэлийн баяр жаргал эдэлдэг юм шүү дээ. Бүр тодруулж хэлбэл сайхан бөхчүүдээ харж давахад нь уулга алдаж, морь ирэх агшинд самсаа шархиран суух нь монгол хүний гойд бахархал байдаг. Тэгвэл өнгөрсөн жил цахимаар наадсандаа гээд бодох гэхлээр дурсах юм тун тааруу. Цаг үеээ дагаж тийм наадам хийснийг буруутгаад байгаа юм биш гэхэд наадамчин олон цэнгэлдэхэд багтахгүй чихцэлдэн өнгө жавхаа нэмж Хүй долоон худгийн уужим хөндийг адуу мал, эрээн асар майхан алаглан бүрхэж байдаг дүр зураг үнэхээр үгүйлэгдсэн л дээ. Баяр наадмын өндөр утга илэрхийлэл тийм л сайхан даа.

Өнгөрсөн жилийн тэр цахим наадмын дараа хүмүүсийн яриа янз бүр л байсан. Наадам зохион байгуулагчид үзэгчгүйгээр хийж байгаа ч "Монгол наадам" гэдэг контент бий болгосон. Энэ нь Монгол орныг гадаадад сурталчлах тэгснээр жуулчдыг татах их хүч болсон гэж тайлбарладаг. Тэгвэл зарим хүмүүс "XIII зуун" жуулчны баазад болсон наадмын нээлтийг зурагтаар үзээд нэг л томоохон концерт л харагданалээ гэж байсан.

Ер нь алив үйл явдлыг биеэр оролцож, нүдээр үзэхийн ялгаа их юм л даа. Ингээд энэ жил тусгаар тогтнолын 2230, Их Монгол Удс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Улсын баяр наадмын сураг чимээний тухайд бодлоо эртлэн хэлэхийг чухалчлав.

Монголчуудад Ардын хувьсгалын 100 жил гэдэг онцгой юм. Ёстой л наадсан шиг наадах учиртай. Тийм болоод төр, засгаас эртхэн дуугарч ард олон ч ихийг хүлээж байх шиг.

Одоогоор цар тахал төдийлэн намжаагүй бүх нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Тун удахгүй өвчин гамшиг намжиж сарын дараа гэхэд амьдрал хэвэндээ орох болов уу гэсэн горьдлого байгаа юм. Монголчуудын буян заяа ч гэж бий. Тиймээс Улсын баяр наадам зохион байгуулах хороо ажилдаа орж байгаа сурагтай. Хамгийн тод сонсогдсон нэг шийдвэр нь энэ 100 жилийн ойгоор 1024 бөх барилдуулна гэжээ. Монгол бөхийн хөгжил дагаад барилддагийн тоо олширсон юм тэр тооны бөх барилдуулахад төвөг багатай л байх. Харин наана нь шийдвэрлүүштэй олон асуудал бийг анзаарсан юм болов уу.

Цээжинд багтсан тоо хэлэх нэг хэрэг. Яаж гэдгийг л бодох ёстой. Энэ юу вэ гэвэл үндэсний бөхөд маргаантай олон асуудал байдаг. Үүний гол юм нь нөгөө допингтой холбоотой хэрэг. Энэ л сайхан наадахад саад болж мэднэ. Өмнөх наадмуудын түрүү, үзүүр бөхчүүд хүртэл допингтой орооцолдсон. Олны хайртай арслан, заанууд допинг хэрэглэсэн болж таарсан. Гэтэл ямар зэм шийтгэл хүлээлгэсэн нь бүрхэг. Тэр жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболд одоо арслан уу, аварга уу мэдэх юм алга. Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа барьлаа гэж дуулдаагүй дээ. Уг нь шүүхээр зарга зэлхий хийж явсаар цаг алдсаны эцэст түүний барилдах эрхийг нь сэргээлээ. Аварга цолыг хураахаар дээд шатны шүүх шийдлээ гэсэн биз дээ. Тэгээд л таг чиг. Э.Оюунболдын тухай бичих, ярих нь аварга л гээд байх шиг. Өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх аварга Н.Батсуурь бас улсын  арслан Р.Пүрэвдагва, гайхалтай сайхан барилдсан гээд улсын харцага цол хүртсэн Б.Бат-Орших нарыг ердөө 11 сараар барилдах эрхийг нь хассан сурагтай. Допинг гэдэг чинь  дэлхийн олон улсад жигд мөрдөгддөг дүрэмтэй. Гэтэл манайхан уг дүрэм журмыг нь авч хэрэглэхдээ бүр завхруулаад дууслаа. Бас тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох ёстой гэсэн журам ч яах болж байгаа юм.

Допинг хэрэглэсэн гэх бөхчүүдээс өгсөн цолоо буцааж аваагүй байж бусдад нь цол хүртээнэ, гэдэг бас ээдрээтэй асуудал. Уг нь дэлхий нийтийн жишиг бол олимп юм уу дэлхий, олон улсын аль нэг тэмцээнд түрүүлсэн тамирчин сэргээш хэрэглэсэн бол дараагийн байрын тамирчинд цол, медалийг нь шилжүүлдэг л дээ. Тэгэхээр бөхийн хувьд ялгаагүй энэ жишиг мөрдөгдөх учиртай.

Баяр наадмын салбар хороо энэ тухай ер нь анзаарч байгаа юм болов уу. Наадам боллоо. Тэр сэргээштэй холбогдсон бөхчүүд зодоглоод гарч ирье гэж бодъё. Зарим шударга бөхчүүд "Би допингтой хүнтэй барилдахгүй" гэвэл яах юм бэ. Ийм асуудал өмнө нь заалны барилдаан дээр гарсан шүү дээ. Лавтайяа Э.Оюунболд, Н.Батсуурь болоод цол хүртэгсдэд унасан бөхчүүдэд тун таагүй байх биз. Иймээс допингтой холбогдсон бөхчүүдийн асуудлыг нэг тийш яаралтай шийдмээр байна. Ер нь бөхчүүдийн нэр хүндийг доройтуулсан явдал бүхнийг тэвчмээргүй юм.

Бас нэгийг хэлэхэд одоогоор шоронд сууж байгаа улсын заан Н.Түвшинбаяр наадмаар хүн зодсон нь өршөөгдөөд барилдана гээд гарч ирэх юм бол өсөх идэр начин Э.Энхбатыг дэмжигчид наадам орхиод гарах байх л даа. Энэ бас жижиг асуудал биш ээ. Ингээд яриад байх юм бол Улсын баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс нэн даруй шийдэх ажил их байна шүү. Сэтгэлдээ сэвгүй, коронаг мартталаа сайхан наадахыг олон түмэн хүсч байна аа.

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627006
2 эможи

keyboard_arrow_up