Д.Цэнд-Аюуш : Шалгалтаар илэрсэн 90 кг муудсан махыг устгалд орууллаа
Нийслэлийн мэргэжлийн хяналтын Төв цэнгэлдэх хүрээлэн дэх хяналт, шалгалтын цэгээс баяр наадмын үеэр зөрчил илэрсэн эсэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хяналт, шалгалт тавьж ажиллаж байгаа талаар тодрууллаа.
НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоосон
Наадамчин олондоо баярын мэнд хүргэе. НМХГ-ын даргын тушаалын дагуу нийт 400 улсын байцаагч 5 газарт хяналт шалгалт тавин ажиллаж байна. Үүнд Хүй 7 худаг, Үндэсний цэцэрлэг хүрээлэн, Төв талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, наадамчдын гудамж зэрэг газрууд орж байна. Энэ жилийн хувьд 610 цэгт худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгосон. Үүний дагуу зөвшөөрөл олгосон цэгүүдэд цахилгаан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдал дээр хяналт, шалгалт хийж байна. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт явуулын лаборатори ажиллаж байна. Ингэснээрээ түргэн муудах мах, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд газар дээр нь шалгалт хийх боложмтой юм. өнөөдөр 13 цагийн байдлаар шалгалтаар илэрсэн 90 кг муудсан махыг устгалд орууллаа. Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоосон. Түүнчлэн 0.0035 мм-ээс доош 1200 ширхэг гялгар уутыг хурааж аваад байна. Хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт хийхгүй байхыг наадамчин олондоо анхааруулж байна. Мөн нийслэлийн мал эмнэлгийн явуулын лаборатори ажиллаж байгаагаараа онцлог юм. хяналт шалгалт үргэлжилж байна.