ЦАГ АГААР: Амралтын өдрүүдэд Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
Маргааш өдөртөө говь, талын нутгаар халуун хуурай салхи шуургатай байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө сэрүүсч 11-13 градус дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 4-5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.