Архангай аймгийн бөхийн цол наймаар нэмэгдлээ
Архангай аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо. Үүнээс тав давж аймгийн начин цолын болзлыг Тариат сумын харъяат О.Барбаатар, Чулуут сумын харъяат Л.Бат-Амгалан, Хангай сумын харъяат Б.Мөнхтулга, Батцэнгэл сумын харъяат Б.Эрдэнэ-Очир нар хангажээ. Харин аймгийн Харцага цолны болзлыг Цэнхэр сумын бөх Ц.Цогт-Эрдэнэ, Чулуут сумын харъяат П.Жавхлантөгс нар хангасан байна.
Аймгийн баяр наадамд долоо давж заан цолны эзнээр Цэнхэр сумын харъяат Б.Баатарсүрэн тодорлоо.
Энэ жилийн бөхийн барилдааныг өнгөлж, хурд хүч, уран мэхээрээ онцгойрон аймгийн арслан цолыг Хашаат сумын харъяат Б.Мөнх-Эрдэнэ хүртсэн юм. Дашрамд дуулгахад Архангай аймгийн Тариат сумын харъяат Алдар спорт хорооны бөх Найдангийн Адъяабат улсын баяр наадамд тав давж улсын начин цолны болзол хангажээ.
Мөн Хүй долоон худагт уламжлал болгон зохиогддог уяачдын наадамд 64 бөх зодоглосноос Цэнхэр сумын харъяат аймгийн арслан П.Бадарч түрүүлсэн байна.