Эрийн гурван наадмаас сурыг хасч сонгуулийг оруулах уу
Бөхчүүд маань улстөрч боллоо. Анх дархан аварга Б.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болохоос эхлээд “Аварга аа” гэх үү, “Гишүүн ээ” гэх үү гэлцэж байснаа бодвол өнгөрсөн он жилүүдэд парламентад ороод гарсан, одоо байгаа гишүүдийн тоогоор бөхөд бол гал, УИХ-д бол бүлэг байгуулчихаар хэмжээнд хүрсэн. Тэдний дундаас Ерөнхийлөгч төрлөө, сайд нар төрлөө. Тийм ч муу зүйл биш. Цаанаа ёс зүйтэй, нэр хүндээ эрхэмлэдэг байхаас эхлээд өнөөх ярих дуртай жудаг чанар, түвшин дөлгөөн байдлыг хараад сайхан байлаа. Энэ байдал бөхчүүдийг улам улстөржихөд хүргэж байж ч мэдэх юм. Гэвч “Морь бөх хоёр нэг саванд багтдаггүй”-н адил цаашид даамжрах, олон түмний хүндэтгэлийг улс төрийн сонгуульд санал авахын төлөө авах нь таатай зүйл биш гэдэг нь тодрон харагдсаар байна.
А.Сүхбат гэж “ай сайхан” аварга байлаа. Юу дутав гэмээр УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болоход нь Үндсэн хуулиар олгогдсон эрх нь байна даа гэж хүндэтгэн чуулганы дугуй танхимд тавтай морил гээд оруулчихлаа. Харин өнөөдөр түүнийг харахад яасан ч жул, жудаггүй загнана вэ гэж шүүрс алдахаар болж.
УИХ-ын гишүүн Д.Гантулга муухай хэрэгт нэр холбогджээ. Хэзээд УИХ-аас “хөөгдөх” нь тодорхойг мэдрээд өөрийн хүсэлтээр гарах гэж оролдсон ч улстөрч том ах нарын шоглоомонд өртөж элдэв тохиролцооны нөлөөнөөс үүдээд “явуулахгүй” байв. Тохироо үргэлжилсээр цаг нь ирэхэд Д.Гантулгыг “явуулах” асуудлыг хэлэлцлээ. А.Сүхбат гишүүн юу гэж хэлсэн гээч. “Энэ залууг аваад үлдчихмээр байх юм. Тааралдах болгондоо согтуу явах юм”...гэжээ. Хазайсан дээр нь түлхэнэ гэж үүнийг л хэлдэг байх. Д.Гантулга жирийн иргэн болсон. Түүнд аваргаа энэ тэрээ гэх давхар цол гуншин байхгүй ч залуус нас, зөв ирээдүй байгаа бол болоо доо. Харин А.Сүхбат гишүүн “залуу үеэ” дагуулаад Бөхийн өргөө рүү дайрахад нь “турхирдаггүй” юм аа гэхэд эвдэн сүйтгэхэд нь саад хийсэнгүй. Төдөлгүй УИХ-ын гишүүн асан Дархан аварга Х.Баянмөнх хүргэн асан А.Сүхбатдаа нэмэр болж Допингийн эсрэг төвийн дарга нарыг АТГ-т өгч, хэвлэлийнхнийг үүдэнд нь цуглуулан мэдээлэл хийв. Энэ бүхэн тэднийг бөх гэдгийг мартуулж улс төрийн хүрээнийхэнтэй асар ойр харагдуулах аж.
Морь уяж улстөрчидтэй дотносдог үе алсарчээ. Яадаг гэлээ, “уяан дээр танилцлаа” гэдэг бил үү. Харин одоо тухайн улстөрчийг дэмжигч бөх гэхэд хэн ч гайхахааргүй болж. Парламентаар дүүрэн уяач, бөх...Угтаа хурдан мориор “мөнгө угаадаг”, бөхийн найраа авлигын хэлбэртэй онцгой адилхан гээд бодохоор цаашид “Эрийн гурван наадмын” төрлөөс хамгийн идэвхгүй нь төдийгүй “парламентад төлөөлөлгүйг” бодолцон сурыг хасч оронд нь УИХ-ын сонгуулийг нэмчихвэл яасан юм бэ.
Нэг ч төгрөгийн нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй, татвар төлдөггүй бөхчүүд цорын ганц үүрэг нь болох улсын баяр наадмаараа олон түмнээ аятайхан цэнгүүлж чадахгүйд хүрэх нь. “Бөхийн өргөөг чинь хураана шүү” гэхээр худлаа эвлэрчихээд маргааш нь олон түмний бухимдлыг төрүүлж, талцан хуваагдуулж зүй бус үйлдлээрээ гайхуулдаг тэднийг харсан хүн одоо цэнгэхээсээ өнгөрсөн.
Юу гэлээ, “Бөх бол Монголын төр” гэлүү. Энэ бол дэндүү эмгэнэлтэй афоризм шүү. Тэгснээ “Цагдаагийн тухай хуулийг би батлалцсан”, “Ер нь цагдаагийн байгууллагад салхи оруулах ёстой юм байна. Өнөөдрөөс бид Цагдаагийн байгууллагыг анхааралтай ажиглах болно” гэхчлэн дэндүү ойворгон загналаа.
“Монгол бөх цэвэр байх юм бол Монголын төр цэвэршинэ гэж би боддог. Үзэгчгүй болсон спорт сөнөдөг” гэж А.Сүхбат гишүүн ярилцлагадаа хэлсэн байдаг. Үзэгчтэй спорт нь улс төр бололтой юм. Энэ сарын 18-нд түүнтэй хамт хэвлэлийн бага хурал хийлгэсэн, улсын гарьд Ө.Бат-Орших “Би допинг хэрэглээгүй, Увс аймгийн бөх гэдгээрээ л гадуурхагдаж байна” гэж хэлсэн. Яагаад тэгж хэлэв, түүгээр тэгж хэлүүлэв. Талцал хуваагдлын эхлэл энэ биш гэж үү.
УИХ-ын “хошой” гишүүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар бөхчүүдийн бахархал болон Б.Бат-Эрдэнэ аварга, гишүүн, сайд асны адил гэхдээ маш хурдан хугацаанд ахиж дэвшсээр байна. Тэр улс төр дэх казино гэгддэг уул уурхайн салбарын сайдын суудлаас хэр дуулиантай буцаж ирэхийг таашгүй. Харин энэ бүхэндээ ханахгүй Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөхөөр болоод байгаад нь олон хүн сэтгэл гонсойв бололтой. Давхар дээлний тухай хууль гэдэг шиг энэ их албан тушаалыг хурааж, хуйлж буй ч аль алийг нь хагас дутуу гүйцэтгэж тэлээ хурга шиг давхисаар үр бүтээл багатай өөрөө л баяжихын төлөө байгаа бол тэднээс ачааг нь хөнгөлж өгөх зохицуулалт хэрэгтэй байж мэднэ. Лав одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шиг давхар дээлээ тайлаад орхих сэтгэлтэй хүн ховор дог оо. Дахин хэлье, эрийн гурван наадамд ид хаваа үзүүлэхээс Их хурлын гишүүн болох нь илүү чухал бол бөхөө орхичих л доо. Монголчууд ядаж бөхчүүдийн улс төрд хөглөхийг биш, бусдынх нь барилдахыг харж суух эрхтэй биз дээ.
Эх сурвалж: erennews.mn
|