Ерөнхий сайд 4 шагай тавьж онч мэргэнээ гайхуулав
Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбайд зочлон наадамчин олонтой уулзаж мэндчилсэн байна. Дэлхийд гайхуулсан соёлын арвин өв сангаа Үндэсний их баяр наадмаараа дээдлэн дэлгэрүүлж, дэнж хотойлгон сайхан наадахыг Ерөнхий сайд ард түмэндээ ерөөжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагайн асарт зочлон 4 шагай тавьж байгаа онон мэргэн харваачид, хурсан олныг баясгалаа. Засгийн газрын тэргүүний урилгаар манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэн зочилж, Үндэсний их баяр наадмын үеэр Монголын өв соёл, ёс уламжлалаас танилцуулсан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочныхоо хамт Хүй долоон худагт их насны морьдын уралдаан үзэж, уяачдын галаар зочилсон байна. Ерөнхий сайдын энэ жилийн наадмын гоёл бусдаас их содон харагдаж байлаа.