Дархан аварга А.Сүхбат тахимаа өглөө
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан тун их сонирхол татаж байлаа. Олон жил зүлэг ногоон дэвжээнээ гарч наадамчин олноо баясгаагүй А.Сүхбат аварга Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар зодоглосон нь наадамчдын анхаарлыг ийн татаж байсан юм.
Хэдхэн хоногийн өмнө Дархан аваргынхаа цол, тэмдгийг гардаж авсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхээс өмнө маргаан үүсгэж тэдний эрэмбэ, цолны тухай яриа шуугиан тарьсан. Г.Өсөхбаяр аварга зүүн талын магнайд очиж зогссоноос үүссэн маргаан хөлийн цэцийг хоёр тал болон маргалдахад хүргэсэн юм. Дархан аварга Г.Өсөхбаяр А.Сүхбат аваргаас нэг түрүү илүү ч А.Сүхбат аварга түрүүлж Дархан аварга цолны болзлыг хангасан учир зүүний магнайд гарах ёстой гэж үзжээ. Ингээд зүүний магнайг А.Сүхбат, барууны магнайг Г.Өсөхбаяр манлайлан гарч Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан эхэлсэн. Хоёр даваад байсан аваргуудын барилдаан өнөөдөр наадамчдыг Төв цэнгэлдэх рүү татсан нь лавтай.
Бөхийн барилдааны гурвын даваанд А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амлаж авсан нь сонирхолтой алхам байлаа. Тэдний барилдааныг ийм эрт харна гэж төсөөлөөгүй байсан наадамчид хоёр аваргын барилдааныг сэтгэл түгшин хүлээж байв. Гэтэл А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргад тахимаа өгч, энэ жилийн баяр наадмыг хоёр даваатайгаар өндөрлөлөө. А.Сүхбат аваргын хачирхалтай энэ алхмыг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Цахим ертөнцөд өрнөж буй ярианаас харахад, олонх нь А.Сүхбат аваргыг сүрхий ухаалаг алхам хийлээ гэж дүгнэж байна.