Төрийн наадамд түрүүлгэсэн мэхнүүд

2014 оны 7 сарын 08

Төрийн их баяр наадмын үзүүр түрүүнд засуулаа ханаруулан гарч ирж байгаа хүчитнүүд асар их эрч хүч, энергийн хуримтлалтай талбайд гарч ирдэг хэмээн нэгэн судлаач тэмдэглэсэн байдаг. Үнэн ч биз. Тиймдээ ч монголчууд биестээ түрүү бөхийн хийморь ерөөдөг байх. Улсын наадмын түрүү үзүүрийн даваа тухайн жилийн хамгийн хариуцлагатай, чухал, бас өндөр даваа байдаг. Мөн үзүүр түрүүний барилдааны өрнөл шийдвэрлэх мэхний хувилбар нь бөхийн тухайн үеийн хөгжил, өнгө төрхийг тод томруун харуулж байх шиг санагддаг.

1991 онд ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойгоор О.Балжинням заан П.Сүхбат зааныг шуудагнаас хавирчихдаг. Балжаа аварга мэх хийдэггүй талаараа ингэж төрийн наадмын түрүү авсан гэх бөгөөд жил тойрон Пунцагийн Сүхбатад олон унасан гэлцдэг. Тэгэхээр заавал дархан сайн мэхээрээ түрүүлэх албагүй  байна шүү.

1992-1997 онуудын барилдааны үзүүр түрүү бараг л нэгэн хэвийн байсан гэхэд болно. Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мөнх-Эрдэнээс барьцаа лавшруулсаар алсын сүвээ авах үед Мө арслан холоос давхар ачих маягийн хөдөлгөөн хийхэд нь аварга араар нь хашиж өргөөд тавьчихдаг байлаа. Энэ дунд О.Балжинням аварга нэг удаа үзүүр түрүүнд үлдсэн ч мөн л Б.Бат-Эрдэнэ аваргын бяр хүчэнд ноёлуулан унасан юм.

1998 онд үеийн зургаан заанаас анхлан үзүүр түрүүнд шалгарсан Д.Сумъяабазар их аваргатай тун ч задгай барилдаж хүч үзсээр алсын сүвээ шуудаг алдаж (одоогийн хаялцах барьцны хувилбар) араар мордуулан унаж билээ. 1999 онд яг л ижил хувилбараар Д.Сумъяабазар унаж төрийн наадамд хоёрдахиа үзүүрлэв.

2000 оны наадамд улсын заан А.Сүхбат Б.Гантогтох нар тэргүүн байр булаацалдлаа. Жижиг аварга урд даваанд нэлээд хүч шавхсан ч баруун золгооноос шахаж татангуутаа тулгуур хөл дээр нь баруун талдаа хутгачихав. Ингэж үеийнхнээсээ анхны төрийн наадмын түрүүгээр тодорсон бөх боллоо.

2001 оны улсын наадмын тэргүүн байрын төлөө А.Сүхбат Б.Бат-Эрдэнэ нар шалгарч мөн л хаялцах барьцны хувилбараас шийдэгдэв. Харин энэ удаа А.Сүхбат аварга давсан юм.

2002 оны үед хаялцах барьц нэлээд түгээмэл болж эхэлж байсан юм. Гэхдээ бөхчүүд хамгаалах тал дээр сулавтар байв. Улсын наадмын шийдвэрлэх даваанууд ч мөн хувилбараас шийдэгдэж байсан бөгөөд Г.Өсөхбаяр Б.Гантогтохыг тэргүүн байрын төлөө барьц сонгооноос орхиж улсын арслан цолонд хүрлээ.

2003 онд Г.Өсөхбаяр Д.Сумъяабазар нар шалгарав. Хэн хэнийхээ барилдааныг нүдээ аньж байсан ч мэдэрнэ хэмээдэг хоёр найз мөн л шуудганд хүрэлцэв. Зүүн дөрвөлжин золгооноос Г.Өсөхбаяр аварга арал чацны илүүг үзүүлж шахаж татан дотуур хашиж орхин түрүүлэв. Шахаж татах мэхний хаанчлалын үе эхлээд байсан цаг. Мөнхүү мэхний хувилбаруудыг ч бөхчүүд өөрийн бие, нуруу, мэдрэмж бярны онцлогт тааруулан эзэмшиж байлаа.

2004 онд А.Сүхбат аварга Баянмөнхийн Гантогтохтой дахин шалгарав. Зүүн давхар золгооноос татаж биеэ чарахад нь нөгөө талд нь хавирчихав. Мөн л жижиг аварга жаахан юмыг чулуу болгодог чадвараа харуулаад авлаа.

2005 онд 2003 оны хувилбар бараг давтагдав. Г.Өсөхбаяр давхар шуудагнаас шахаж татахад нь Сумъяа аварга татуулахгүй бие чангалан тогтох үед нь өндөр аварга давуулаад гуядчихлаа. Шуудагнаас татах мэхний хувилбар дараагийн угсраа мэхнүүдээр баяжин хийгдсээр байгааг тус барилдаан харууллаа.

2006 оны наадмын үзүүр түрүү бараг хамгийн сонирхолгүй, тэмцэл муутай нь байж магадгүй. Дороос начин цолноос гарч ирсэн Д.Азжаргал Д.Сумъяабазарт хонгодуулчихлаа. Хонгодох мэх моодноос гараад байх үед улсын наадмын үзүүр түрүү ийм мэхний хувилбараар шийдэгдэж билээ.

2007 онд Хадбаатарын Мөнхбаатар И.Доржсамбууг тумбрайдах мэхний хувилбараас уйдахгүй дарсаар хаяж түрүүлэв. Бөхчүүдийн жин масс нэмэгдэж, хөдөлгөөн хоригдож байгаатай ч холбоотой юм уу эртний тумбрайнаас өргөх болон дарах мэх түгээмэл болж эхэллээ.

2008 онд Доржпаламын Ганхуяг унаж дуусаж байхдаа уян хатан унаа холтойгоо үзүүлсээр түрүүлэв. Үзүүр түрүүнд ч мөн ингэсэн. Шуудагнаас бөх бүхэн шахаж татаж байсан цаг. Хашир начин Доржпаламын Ганхуяг энэ байдлыг мэдээж ажиглаж, бэлдэж байсан байж таараа. Үзүүр түрүүнд Н.Ганбаатар давхар шуудагнаас шахаж татахад нь шилэн дээр нь цохиод хэвтүүлчихэв. Шахаж татах мэхний хариу хувилбаруудыг бөхчүүд бэлдэж эхэлсэн, тус мэх моодноос гарч эхэлж байгааг хоёр Ган-ын барилдаан харууллаа.

2009 онд Д.Ганхуяг арслан Г.Өсөхбаяр аваргууд тэргүүн байр булаацалдлаа. Хоёр бөх хэд хэдэн удаа барьц сонголцон байж барилдаанаа шийдвэрлэлээ. Хаялцах барьц монгол бөхөд  газар авч байгаа нь харагдав.

2010 онд Батжаргалын Ганбат анх удаа үзүүр түрүүнд шалгарч, Г.Өсөхбаяртай үлдэв. Б.Ганбат заан араар мордоод дайрчихав. Хаялцах барьц элбэгшиж гар завгүй болсон үед хөл мэхний хувилбарууд буюу мордоо хавираа түгээмэл болж эхэллээ. Б.Ганбат арслан өөрөө даацтай хавирдаг, даацтай морддог бөх билээ.

2011 онд С.Мөнхбат Г.Эрхэмбаяр аварга нар үлдсэн. Увсын С.Мөнхбат хүү урд жилүүдийнх шиг шуудагдсан тулсан барилдаан хийсэнгүй, гарангуутаа ганцхан гар аччихав. Таагдашгүй, энгийн сонирхолтой хувилбар. Бөхчүүд тулсан барилдааны бэлтгэлийг давамгай хийгээд сэрвүү барилдааны бэлтгэлийг хойш тавьж эхлэхэд Увсын залуу аварга ийн сонирхолтой хувилбараар төрийн наадмын түрүү магнай болжээ.

2012 онд Пүрэвийн Бүрэнтөгс мордох мэхний эрин үед төрийн наадмын түрүү болсон. Баруун зүүн  талдаа мордоод явчихлаа. Үзүүр түрүүнд ч Дамбийн Рагчааг энэ хувилбараас өвдөглүүлж аймгийн цолноос их наадмын магнай болж шуугиулав.

2013 онд Г.Эрхэмбаяр аварга Б.Гончигдамбыг сугадаж өргөөд ард гарч өвдөглүүлсэн. Аваргын сугадаж өргөдөг энэ мэхний хувилбарыг хийдэг залуус ч нэлээд элбэгшиж байна. Хэдэн жилийн өмнө таллаж барилддаг бөхчүүд байсан бол одоо сугадаж барилддаг залуус олширч байх шиг. Бүр "Эрхмээдэх" хэмээх мэхний хувилбарыг бөхчүүд бэлтгэл дээрээ өөр зуураа ярилцаж байдаг шүү.

2014 оны наадмын үзүүр түрүүний барилдаан дөрөв хоногийн дараа болно. Хэний хүүгийн магнайд наадмын од харваж, ямархан сонин мэхний хувилбараар их цэнгэлийн маань түрүү магнай тодрох юм бол доо. Түрүү бөхийн тааварт орж байгаа хүчтэн бүр энэ цаг мөчид моодонд орж байгаа мэхээ бодолцож, тооцож, хариулт бэлдэж юм юм л болж байгаа даа...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5596
0 эможи
keyboard_arrow_up