Үндэсний их баяр наадмын хүрээнд Хэн, Юу хэлэв?
Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадам болоход гурван хоног үлдлээ. Тэгвэл Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил болон наадмын хүрээнд Хэн, Юу хэлсэн тухай хүргэж байна.
Үндэсний баяр наадмын салбар хорооны дарга З.Болдбаатар: Морь дагаж байгаа машин 100-200 метрийн зайтай явах ёстой
Хурдан морь дагадаг машиныг жил бүр аль болохоор цөөхөн байлгахыг боддог. Гэхдээ хүн болон мал эмнэлгийн машин зайлшгүй дагаж явдаг. Мөн хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих үүднээс Үндэсний зохион байгуулах хорооны ажлын хэсгийн гишүүд явдаг. Эдгээр машинууд 100-200 метрийн зайтай явах ёстой. Ингэснээр унаач хүүхдүүдэд саад болохгүй. Хуулийн дагуу тавьсан бидний шаардлагыг хангаад унаач хүүхдийн эцэг эх, уяачтай гэрээ хэлцэл байгуулаад, ослын даатгалд хамруулсан байх ёстой. / Монголын үнэн 2014.07.04 /
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Энэ жилийн наадмаар морь уяж байгаа
Монгол хүн монгол наадамдаа монгол гэдгээ мэдрэх гэж л очдог. Дээл хувцсаар гоёсон бие биенээ харах гэж, уулзалгүй удсан нэгэнтэйгээ уулзах гэж, сонин сайхан зүйл ярих гэж, бас өөрийгөө бусдад харуулах гэж наадамд очдог. Уртын дууны шуранхайд сэтгэл уярч, Монгол төрийн дуулалд цээж огшиж нулмис чийглэх гэж, талбай дүүрэн хангинах цагаан хоолойн чимээг сонсох гэж наадамд очдог. / Зууны мэдээ 2014.07.10 /
Б.Бат-Эрдэнэ: Хоёр сайхан Дархан аварга төрсөнд их баяртай байна
Сүүлийн үед болсон хамгийн сайхан үйл явдал нь чухамдаа А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр маань Дархан аварга хэмээх эрхэм дээд цолыг хамгийн сүүлд миний гардаж авснаас хойш 24 жилийн дараа энгэртээ зүүсэн нь үнэхээр тэнгэрлэг сайхан үйл явдал боллоо. Ингээд Монголын ард түмэндээ дэнж хотолзуулан, дэлгэр сайхан наадаарай гэж ерөөе. / Өглөөний сонин 2014.07.10 /
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр: Цэнгэлдэхэд худалдаа үйлчилгээний 550, Хүй долоо худагт 400 зөвшөөрөл олгохоор болсон
Ард иргэдийгээ ая тухтай сайхан наадамдах боломжоор хангахын тулд нэлээд олон ажил зохион байгуулж байна. Харин энэ жил цэнгэлдэхийн сандлыг бүрэн сольж байна. Хятад улсаас стадионы зориулалтын сандлыг оруулж ирсэн. Энэ жил ерөнхийдөө 13000 орчим билет хэвлэнэ. Үнийн хувьд 16000-24000 төгрөгийн багц байна. Төв цэнгэлдэхийн худалдаа үйлчилгээний зөвшөөрөл 10000-20000 төгрөг. Хүй долоо худагт 15000 төгрөг байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол болон худалдаа үйлчилгээний 550, хүй долоон худагт 400 зөвшөөрлийг аж ахуйн нэгж байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. / Монголын үнэн 2014.07.03 /
Монголын даатгагчдын холбоо Ж.Бат-Орших: Унаач хүүхдүүдийг бүтэн жилээр даатгана
Урьд жилүүдэд унаач хүүхдийн даатгал хугацааны хувьд хэт баригдмал байсан. Жишээлбэл, яг наадмын хоёр, гурав хоногт л даатгадаг байсан. Уг нь гэнэтийн ослын даатгалын хамгийн багадаа бүтэн жилээр хийх ёстой байдаг. Манай холбоо, даатгалын байгууллагууд энэ ажлыг дуусгасан хойно ХТҮГ болон Санхүүгийн зохицуулах хороо хяналт, шалгалтын ажлыг хариуцах юм. / Ардчилал 2014.07.08 /
МУ-ын аварга, Ардын багш, МУГТ О.Балжинням: Ухаан гаргаж барилдсан бөх түрүүлдэг жамтай
Энэ жил зуншлага сайтай, нар хур тэгширсэн сайхан зун болж байна. Тийм учраас монгол наадам өргөн дэлгэр сайхан болох байх аа. Бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа эртнээс базаасан. Гал болгонд эртэй, бяртай хүчтэй аймгийн арслангууд байна. Тэд улсын цолонд хүрнэ. Наадмын өглөө эрт босдог. Түүнээс наадам гэхээр нэг их онцгойлсон ёс үйлдээд байдаггүй. / Нийслэл таймс 2014.07.07 /
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ХХҮХ-ийн дарга О.Нарантуяа: Наадмаар худалдаа эрхлэх зөвшөөрлийг иргэдэд түлхүү олгоно
Мэдээж хүнсний аюулгүй байдалд түлхүү анхаарч ажиллаж байна. Иргэд ч гэсэн өөрсдөө хүнсний аюулгүй байдлыг хангасан бараа, бүтээгдэхүүнээр наадамчин олонд үйлчлэх хэрэгтэй. Иргэдийн гол анхаарах зүйл бол мах, махан бүтээгдэхүүн. Тэр дундаа хуушуурын мах. / Өглөөний сонин 2014.07.03/
СБД-ийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа:
Иргэд зөвшөөрөл авахдаа хүсэлт гаргасан өргөдөл, хүнсний аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой юм. Өнгөрсөн жил манай дүүрэгт 120 орчим зөвшөөрлийг иргэд болон байгууллагад олгож байсан. Энэ жил 60 орчим зөвшөөрлийг иргэд болон албан байгууллагад олгохоор төлөвлөсөн байгаа. / Нийслэл таймс 2014.07.01/
НЗЦГ-ын Л.Амаржаргал: Долоон төрлийн 7400 зөвшөөрөл олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А,Ж,D,Ү,М,Н,Г гэсэн долоон төрлийн 7400 зөвшөөрөл олгоно.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг явах том оврын автобуснууд 40 жилийн өндөрлөгөөс хөдөлнө. Энэ чиглэлд нийт 20 автобус үйлчилнэ. Офицер, долоон буудлаас 1000 төгрөгөөр, Хорооллын эцэс, Таван шар, ханын материалаас 700, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 800 төгрөгөөр явна. / Өнөөдөр 2014.07.08 /
Сэтгүүлч: Наадмын хонь тарга тэвээрэг, наснаасаа хамаарч 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна
Хот дотор амьд мал боруулахыг хориглосон тул баруун талд Эмээлт, зүүн тийш Баянзүрхийн товчоо орчимд малын зах гардаг болоод байгаа. Хонь нас болон тарган тэвээргээсээ хамаараад өөр өөр үнэтэй. Ямаа мөн л адилхан. Хэнтий аймгийн малчин залуу эр хонио 250 мянга, төлөг 120 мянга гэж дуугарч байхад Баянхонгорын малчид арай хямд, эр хонио 240 мянга, шүдлэнгээ 80-120 мянгад шилээд ав гэж байна. / Нийслэл таймс 2014.07.07 /