А.Дашням: Баяр наадмаар Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын дарга хурандаа А.Дашнямтай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс хэдэн хүний бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Нийслэлийн 9 дүүрэгт гал унтраах 3 ангитай 2 дүүрэг байдаг түүний нэг нь Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс юм. Хэлтэс орон тоогоор 130 гаруй ажилчидтай аврах гал унтраах гурван ангитай үйл ажиллагаагаа явуулж байна. Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах хэрэгжүүлэхэд аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
Ажилтан, албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу албан хаагчдаа давтан сургалтанд хамруулж мэдлэг ур чадварыг дээшлүүлдэг. Мөн хэлтсээс тусгай хөтөлбөрөөр зарим шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна. Жишээлбэл:Гэмтлийн эмнэлэг, түлэнхийн төв болон шүүх эмнэлэгүүд дээр албан хаагч нарыг дадлага хийлгэж сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлдэг манай албанд ажиллаж байгаа хүмүүсийн гол шаардлагуудын нэг нь сэтгэлзүйн бэлтгэлтэй байх нь чухал гэж би боддог. Үүнээс гадна Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газраас ОХУ, БНСУлсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд албан хаагчдыг явуулж сургаж, дадлагажуулж байна.
Онцгой байдлын албаны ажил бол хүнд нөхцөлд ажилладаг. Нийгмийн талаас нь хэрхэн харж ханддаг вэ?
Онцгой байдлын ажил бол мэдээж хэрэг хүнд ажил. Үүнийг хүн бүр мэднэ. Энэ албанд ажиллаж байгаа албан хаагчид өөрийн дур сонирхол, хүслээрээ тодорхой сургалтанд хамрагдаж, эсвэл тодорхой сургуулийг нь төгсөж байж алба хааж байгаа. Нийгмийн асуудал чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авдаг хэдийгээр тийм боловч 100 хувь шийдэх боломж байдаггүй. Ямар ч байсан бид албан хаагчдынхаа амь даатгалыг тодорхой үнэлэмжээр даатгуулсан байгаа. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хувьд 2014 оны зорилтдоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэж оруулсан байгаа. Үүний хүрээнд нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа бөгөөд 2014 оны эхний хагас жилээр 6 сая 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг ар гэрийн гачигдалтай болон эмчилгээ сувилгаанд зориулан олгоод байна.
Он гарснаас хойш Хан-Уул дүүргийн хэмжээнд галын дуудлага өмнөх оныхтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?
Хан-Уул дүүргийн хувьд нилээд зонхилж байгаа дуудлагын нэг нь яах аргагүй галын дуудлага байдаг. Яагаад галын дуудлага ихсэх болсон бэ гэвэл Улаанбаатар хот маань хүрээгээ тэлж байгаатай холбоотой. Мөн ядуурлын түвшин нэмэгдсэнээс болж байна. Ядуурлын түвшин яагаад хамааралтай вэ гэхээр ар гэрийн боломж тааруу иргэд хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй муу утсаар цахилгааны холболтоо хийснээс болж гал гарсан галын дуудлага их ирж байна. Мөн хүмүүсийн сонор сэрэмжгүй байдлаас болоод галын дуудлага их ирэх болсон. Ялангуяа өвлийн цагт ард иргэд нүүрснийхээ цогийг унтраалгүй гарч асгах гэх мэт наад захын асуудлаас болоод гал их гарч байна.
Урин дулаан цаг болж байна. Хан-Уул дүүрэгт Туул гол урсаж байна. Үер усны асуудал хэр их гарч байгаа вэ?
Үерын асуудал бол сүүлийн үед их чухал асуудал болж санаа зовоож байна. Манай дүүргийн хувьд Туул голын ай сав бүхий газар оршдог. Мөн үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй буусан айлууд их байдаг. Иймээс энэ аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Гурван сараас эхлээд дүүргийн Засаг даргын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх захирамж гаргаж гуу жалга, усны шуудуйг цэвэрлэх ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллага албадуудтай хийсний үр дүнд одоогийн байдлаар үерт автсан гэсэн дуудлага ирээгүй байна. Бид бүхэн ард иргэддээ анхааруулга сэрэмжлүүлгийг цаг тухайн бүрт нь явуулж байгаа. Түүнчлэн нийслэлийн аврах ангитай хамтран завьтай эргүүлийг гаргаж ажиллаж байна. Зарим үед их устай бороо орсон тохиолдолд бид нар бэлэн байдлаа хангаж мотоциклтой болон автомашинтай эргүүл томилон ажиллуулж үерийн ам дагуу буусан айлуудад урьдчилан сэргийлэх анхааруулгыг хийж байна.
Онцгой байдлын хэлтсийн хувьд тоног төхөөрөмж хэр байдаг вэ?
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 10 жил болж байна. Энэ хугацаанд шат дараалсан байдлаар тоног төхөөрөмжийн хангалтыг хийж байгаа. Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон. Ялангуяа гал унтраах чиглэлээр нилээд тоног төхөөрөмжтэй болсон байгаа. Өнгөрсөн жил Японы Жайка төслийн буцалтгүй тусламжаар гал унтраах зориулалттай дөрвөн автомашиныг өгсөн. Саяхан Солонгос улсын Хаман сумаас найрсаг харилцааны хүрээнд Онцгой байдлын хэлтэст гал унтраах зориулалтын хоёр автомашиныг бэлэглэлээ. Үндсэндээ манайх одоо Япон, Солонгос, Оросын гал унтраах нийт 10 машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Онцгой байдлын албаныханд тулгамдаж байгаа ямар асуудал байна уу?
Байлгүй яахав. Байгалийн гамшиг гэдэг бол хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ. Энэ байгалийн гамшигийг даван туулахын тулд хамгийн эхлээд мэргэшсэн хүмүүс байх хэрэгтэй. Бид нар ийм мэргэшсэн хүмүүсээр 100 хувь хангагдаж байж л ажил маань урагшилна. Хоёрдугаарт техник хэрэгсэл, хөдөлмөр хамгаалалтын хэрэглэл хангалттай байх хэрэгтэй. Улсаас бидэнд хангамж өгдөг боловч томоохон гамшиг болвол дан ганц энэ байгаа техник хэрэгслээрээ даван туулна гэдэг бол амаргүй ажил шүү.
Удахгүй Үндэсний их баяр наадам боллоо. Наадам болохтой холбогдуулан Онцгой байдлын алба ямар үйл ажиллагаа зохион байгуулж ажиллах гэж байна вэ?
Баяр наадмыг тохиолдуулаад Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладаг. Баяр наадмын үеэр амрах эрх байдаггүй. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын хэлтсээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байнгын бэлэн байдалтай ажиллана. Урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна. Үүндээ баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээний чиглэлээр болон бусад үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж байгууллагуудын галын аюулгүй байдлыг шалгах чиглэлээр төлөвлөгөө гаргаж хүмүүсээ томилж хяналт, шалгалтыг явуулж байна. Улсын баяр наадмаар Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэл бэлэн байдлаа ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Онцгой байдлын хэлтэс сүүлийн үед хийсэн томоохон ажлуудаасаа дурьдвал.
Онцгой байдлын хэлтэс нийслэлийн онцгой байдлын газрын дарга дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу төлөвлөгөөт ажлуудаа цаг хугацаанд нь зохион байгуулан хийж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын удирдамж тушаалаар үзлэг шалгалтыг нилээдгүй явууллаа. Үүнд аялал жуулчлалын байгууллага, шашны байгууллага, зочид буудлын байгууллагууд, үзвэр үйлчилгээний байгууллага, худалдаа үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Таны хувьд Онцгой байдлын албанд хийж хэрэгжүүлэх шинэ санаа юу байна.
Хүн бүрийн санаанд янз бүрийн хүсэл эрмэлзэл байдаг байх бидний ажил хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хамгийн гол асуудал маань Онцгой байдлын байгууллагаас тавьж байгаа энэ хууль, дүрэм, журмыг иргэд маань сайн биелүүлж дагаж мөрдөөсэй л гэж хүсдэг. Бид нарын үндсэн ажил бол гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаа юм. Манай иргэд энэ онцгой байдлынхан бид нарын төлөө бидний амь насны төлөө, үр хүүхдийн маань аюулгүй байдлын төлөө шаардлага тавиад байгаа юм байна шүү гэдгийг маш сайн ойлгож бидний хуулийн дагуу тавьж байгаа шаардлагыг биелүүлэх л хэрэгтэй байна. Хэдийгээр бид нар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч иргэдэд зөвлөгөө, заавар өгдөг ч иргэд маань үүнийг биелүүлэхгүй бол ажлын үр дүн гарахгүй шүү дээ.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.