НААДАМ-2014: Наадмын 2,2 тэрбум юунд зарцуулагдаж байна вэ?
Сүүлийн жилүүдэд Үндэсний их наадам маань зөвхөн эрийн гурван наадам болоод өнгөрдөг бус энэ үеэр олон арга хэмжээ зэрэг зохион байгуулагддаг болсон. Иймдээ ч жилээс жилд урлагийн арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоо наадмын төсөвтэйгээ зэрэгцэн нэмэгдэх болсон билээ.
Учир нь жил ирэх тусам Улсын баяр наадамтай холбоотой бүтээн байгуулалт, шинэчлэлт, засварын ажил ихэсч, түүний өртөг ч нэмэгдэж байгаа. Тэгвэл энэ жилийн Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,2 тэрбум төгрөгөөр баталчихлаа. Үүнээс 369,9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болоод байна.
Наадмын 2,2 тэрбумын зардлаас:
-921,2 сая төгрөгийг бай шагналд,
-946 сая төгрөгийг урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд,
-494 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд,
-142,5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд,
-333,9 сая төгрөг буюу 15,1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулагдах ажээ.
Тэгвэл баяр наадмаар зарцуулж байсан хөрөнгийг он дарааллаар нь үзүүлбэл:
-2012 оны наадамд 950 сая ,
- 2011 онд 1,3 тэрбум төгрөг,
- 2010 онд 1,7 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2013 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор урлаг, соёлын арга хэмжээний зардал нэмэгдээд 1,5 орчим тэрбум төгрөгийг баяр наадамд зарцуулж байв.