З.Болдбаатар:Энэ жилийн наадмаар үзэгчдийг уйдаахгүйн тулд морьдын үзүүлбэр, шүхрийн буулт хийнэ
Үндэсний их баяр наадамтай холбогдуулан Үндэсний баяр наадмын салбар хорооны дарга З.Болдбаатараас тодруулга ярилцлага хийснээ хүргэж байна.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийн наадмын хөтөлбөр батлагдсан уу? Энэ жил хурдан морьдын уралдаан ямар зохион байгуулалттай явагдах вэ?
Хөтөлбөрийн хувьд батлагдсан байгаа. Хурдан морьдын бүртгэл энэ сарын еснөөс эхэлнэ. Хуулийн дагуу 7-16 насны хүүхдүүдээр морь унуулах бөгөөд ингэхдээ уяач нар даатгал, гэрээ, хамгааллын хэрэгслээр тухайн хүүхдийг бүрэн хамгаалах хэрэгтэй. Бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг авчрах хэрэгтэй. Мөн хурдан морины гарааны өргөний хэмжээг сунгасан учраас морьд олон давхарлаж гарахгүй гэж бодож байгаа. Энэ жилийн хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор 10-нд хязаалан, шүдлэн 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага 13-нд эрлийз морьдын уралдаан болно.
Наадам-2014 буюу энэ жилийн наадмын онцлог нь юу байна вэ?
Энэ жилийн наадмын онцлог нь холч морьдын уралдааныг уралдуулахаар болсон байгаа. Холч морьдын уралдаан долоон сарын 10-ны өдөр 16 цагаас Бага цагаан хөтөлд болох юм. Энэ нь хоёр өртөө газар буюу 60 км явж тодорхой зайнд явсны дараа 30 минут амраагаад дахин уралдуулдаг. Мөн морь гарсан үед үзэгчид хийх юм олдохгүй зүгээр сууж байдаг энэ үед морьтны үзүүлэх тоглолтыг 11-аас 13-ны өдрүүдэд зохион байгуулна. Морь ирэх хугацаанд үзэгчдийг уйдаахгүй гэсэн үүднээс тус ажлыг зохион байгуулж байгаа. Мөн 11-нд шүхрийн буулт хийх гэх мэт энэ жилийн наадам олон, олон зүйлээр шинэлэг, онцлогтой болж байна.
Наадмын бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?
Хүй долоон худгийн засварын ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон. 2013 онд 7000 гаруй машины зогсоол бий болгож байсан. Энэ жил харин Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс нэмж 5000 гаруй зогсоолыг барьсан байгаа. Мөн 3000 гаруй сандлыг нэмж суурилууллаа. Бид энэ жил хийсэн томоохон ажлын нэг бол айрагдсан морины хашааг томруулж хэвлэл мэдээллийхэн, сэтгүүлчдийг ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Одоо морьдын бүртгэлээ хийх л дутуу байна.
Хүмүүс наадмаар бөх, морь хоёрт сэргээш хэрэглэсэн байх вий гэсэн хардлага их байдаг. Моринд хийсэн сэргээш уралдааны гараа руу явах замдаа гадагшилдаг гэж ярьдаг. Энэ тал дээр ямар хяналт тавиж байгаа вэ?
Монгол морины уралдааны нэг гол онцлог нь хоёр талдаа явдаг, задгай агаартай холын зайд уралддаг. Европын болон бусад орны морьд тойруу замаар богино зайд уралддаг. Гэхдээ хүмүүсийн ярьдаг сэргээшийн асуудлыг судалж, дараа жилийнхээ төсөвт суулгаж шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хөрөнгө мөнгө ихээр шаардагдах ажил юм.
Хурдан морь болон унаач хүүхдэд GPS суурилуулна гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
Морь болон унаач хүүхдүүдэд GPS төхөөрөмж суулгахыг Үндэсний зохион байгуулах хороон дээр яригдсан байгаа. Энэ ажилд зарцуулах тодорхой хөрөнгө мөнгийг энэ жилдээ гаргах боломжгүй гэдгээ хэлсэн. Харин үндэсний салбар хороонд HD Монгол телевиз “Бид хөрөнгө мөнгийг нь гаргаж энэ ажлыг хийж болох уу” гэсэн санал тавьсан. Бид их баяртай байгаа.
Хурдан морины уралдааныг зөвшөөрөлтэй зөвшөөрөлтгүй олон машинууд дагадаг. Энэ нь нэг талдаа унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хянахад замбараагүй байдал үүсэхэд нөлөөлдөг байх. Энэ тал дээр.
Бид жил болгон машинуудыг цөөлөх гэж оролддог. Гэхдээ түргэний машин, мал эмнэлгийн машин зайлшгүй явдаг. Өмнө бүх машинууд морь уралдах хугацаанд дагадаг байсныг нь өртөөчилсөн маягаар дагадаг болгосон байгаа. Хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих үүднээс зохион байгуулах хорооны ажлын хэсгийн гишүүд явдаг юм. Мөн хэвлэл мэдээллийнхэн өөрсдийн унаагаар явахгүй бидний гаргаж өгсөн машинаар явах болно. Эдгээр машинууд морины уралдааныг 100-200 метрын зайтай явах ёстой. Бид машин их бага гэхээсээ илүү 400-500 хүүхдүүдийн аюулгүй байдлыг ярих хэрэгтэй байна.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.