НААДАМ-2014: Улсын наадмын соёолонгийн таавар...

2014 оны 7 сарын 03

Улсын их баяр наадам хаяанд иржээ. Бага сунгаа эхэлчихлээ. Морьдын уяаны өнгө одооноос л мэдэгдэнэ. Дунд сунгаа гэхэд хэний хурдан хүлгүүд их наадамд дээгүүр уралдах магадлалтай нь нэгэнт гараад ирнэ. Хэдийгээр морьдын уяа гүйцэд эвлээгүй байгаа ч гэсэн улсад айрагдаж түрүүлэх магадлалтай соёолонгуудын талаар таавар дэвшүүлцгээе. Азарга, их насны морьдын тухайд түрүүнд нь бид тааварласан. Харин энэ удаад Монгол түмний хамгийн их билэгшээж тоосонд нь орвол тэр жилийнхээ хийморийг бүтэн сэргээдэг хэмээн үздэг эр хүний хийморийн чагатага болсон соёолонгийн уралдааныг таавралцгаая...

Тэнүүн говийн Тэргүүн хонгор гэдэг адууг яагаад ч хасч болохгүй. Сүхбаатар аймгийн Халзан сумын Батжаргалын Чулуунбатын унаган энэ хурдан ажнай дааган цагаасаа хойш тогтмол хурдалж байгаа цөөхөн адууны нэг төдийгүй өнгөрсөн жил улсад аман хүзүүдээд баруун бүсэд түрүүлсэн. Энэ жил Дүнжингаравт түрүүлсэн. Ер нь л уралдсан болгондоо цоллуулдаг цуутайхан хүлэг. Энэ жилийн наадмаар их говийнхоо нэрийг дахин цуурайтуулах болтугай. Үзүүрийн гурван адуунаас хойш ч тоолохгүй байх аа гэсэн олон уяачид, олон морины хорхойтнууд бий... Манлай уяач Д.Хишигжаргалын шарга үрээ уралдвал Тэргүүн хонгортой "үзэх" байх. Өнгөрсөн жил үзүүр дээрээ дайрч түрүүлснийг морины хорхойтнууд сайн санаж байгаа. Тэхдээ хөл асаргүй дуулдаад байгаа... Босоо хүлэг галын П.Цэвэгмидийн хул үрээ бас сайн уралдах байх. Өнгөрсөн жил төвийн бүс болон Өвөрхангайн даншигт тус тус аман хүзүүдсэн. Энэ жилийн Дүнжингараваар хүүхэдгүй түрүүлсэн. Алдарт тайж халтар азарганы төл энэ хул үрээг тааварт оруулахгүй бол болохгүй. Өнгөрсөн жил улс болон төвийн бүсэд тус тус айрагдсан Т.Зулзүсэмийн хонгор үрээ гэж айхтар адуу бас бий. АХ-ын 90 жилийн ойд хурдан бор соёолонгоо түрүүлгэж байсан НАУ Б.Дашдорж уяа сойлгыг нь тааруулж байгаа. Энэ жил ахиад азарган соёолон түрүүлгэдэггүй юм аа гэхэд айрагт багтаах боломж бүрэн бий.

Сүүлийн хоёр жил улсад айрагдаад байгаа ААУ Б.Сүхбаатарын хээр үрээ байна. Бас л хурданшуухан буяндаа. Монгол хээрийн дүү гэдгээр нь морины хорхойтнууд андахгүй. Ахаасаа ч илүү азарга болох байх гэж олон хүн ярьдаг. Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор ах дүү хоёр хээр адуу айрагдаж байсан бол энэ жил тэр түүх дахиад давтагдахыг үгүйсгэхгүй... Дүнжингаравт аман хүзүүдсэн Ж.Батзандан гишүүний бор үрээ бас тааварт яригдах л байх. Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Дашбаатарын унаган адуу. Шүдлэн, хазаалан, соёолондоо бүсийн уралдаанд гурав аман хүзүүдээд байгаа хурдан хүлэг.

За ингээд нэрлээд байсан чинь дандаа азарган үрээнүүд болчихлоо. Хурд нь орсон ханамал уяатай хатмал морин соёолон гэдэг ч хаа газрын наадмыг дийлж уралддаг даа. Улсын наадмын өнгөнд уралдах морин соёолонгууд ч бас бий. Өнгөрсөн жил төвийн бүсийн даншигт түрүүлсэн Билэгдэмбэрэл манлайн хүрэн үрээ, төвийн бүсэд айрагдсан Б.Шагдарсүрэнгийн зээрд, Ц.Онолбатын халтар, зүүн бүсэд түрүүлсэн Л.Энхбатын зээрд гэсэн олон сайн үрээнүүд бий.

Дээрх үрээнүүдээс гадна Хоймор нутагт нэг сайн хээр үрээ бий дээ. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ААУ Цэрэнбатын Чимэдбавуугийн даншиг хээр гэж. Шүдлэн, хязааландаа баруун бүсийн даншигт түрүүлчихээд байгаа. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Монхорын унаган адуу. Даншиг хээр энэ жил их наадамд ирж уралдвал дээгүүр уралдах таамаг тун өндөр... За иймэрхүү адуунууд миний тааварт багтаж байна. Улс, бүсэд айрагдаж байгаагүй битүү адуунууд ч цахиур хагалахыг үгүйсгэхгүй. Уншигч та бүхэн ч гэсэн санал бодлоо хуваалцаж, таавар дэвшүүлцгээгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5336
0 эможи
keyboard_arrow_up