НААДАМ-2014: Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр аж ахуйн нэгж, иргэд 900 цэгт худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд -600 цэг, Хүй долоон худагт 300 цэг байх бөгөөд 70 орчим хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байх юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх дугаар авч, зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй , хаяг шошгын стандартын шаардлага хангасан байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг бүрдүүлэх хөргөх төхөөрөмж болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уут, торыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байна. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар ариутгах санитол, нойтон болон амны салфеткийг хүрэлцэхүйц хэмжээгээр байлгана. Тухайн аж ахуйн нэгж нь орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцах ба асрын гадна талд хогийн сав заавал байршуулсан байна. Албан ёсны зөвшөөрөлгүй, гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, согтууруулах ундаа, майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдаалах, халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах,удсан хоолыг дахин боловсруулж хэрэглэх, шорлог хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт зарах, дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах, ил задгай хог хаях, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно