Цам харайх ёслол жуулчдын анхаарлыг ихэд татав
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэлин хийд болон Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээ энэ сарын 6, 7-нд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Уг наадмын үеэр жуулчдад зориулсан үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Нийслэлээс 50 гаруй асрыг уламжлалт шашин соёлын эд зүйлсийн худалдаа хийхээр зохион байгуулсан бөгөөд уг үзэсгэлэнд гадаад болон дотоодын жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлс болон Монголын үндэсний хэв шинжийг шингээсэн сонин содон зүйлсийг дээрх асруудад байрлуулжээ.
Энэ жилийн наадамд аялал жуулчлалын компаниар дамжуулан 1000 гаруй жуулчин захиалга өгч хүрэлцэн ирсэн ба хувийн шугамаар ирсэн 48 мянган жуулчин наадмыг үзэж сонирхсон гэдгийг албаныхан мэдээллэж байна.
Нийслэлийн даншиг наадамд хүрэлцэн ирсэн жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татсан хөтөлбөр нь уг наадмын хоёр дахь өдөр болсон цам харайх ёслол байлаа. Уг ёслолын тайлбарыг монгол хэлнээс гадна англи хэлээр орчуулан жуулчдад үзүүлсэн юм.
“Номт гурван орон”-ы нэг хэмээн алдаршин нэршсэн Монгол оронд дорно дахины “тойрон бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц тарнийн бясалгал, зан үйлийн ёслол бий. “Цам”-ын зан үйл нь хэдийгээр Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх байдал, зан үйлийг шингээсэн байдаг.
Энэхүү шарын шашны урсгалын “Жахар цам” буюу “Хүрээ цам”-ын уламжлал нь 18-р зууны эхэн үед Монгол оронд дэлгэрсэн бөгөөд тухайн үед Монголын 700 гаруй сүм хийдийн 500 гаруй нь өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн цам бүжгийг дэглэх болжээ. Гэвч 1930 оноос эхлэн цам харайхыг бүрэн хориглосноос хойш 2003 оныг хүртэл 70 гаруй жил энэхүү шашин номын зан үйл завсардаад байв. Өдгөө “Хүрээ цам”-ын ёслол нь Монгол орны төв хэсэгт байх Амарбаясгалант хийд болон нийслэл Улаанбаатарын төв хэсэгт байх Зүүн хүрээ Дашчойлин хийдэд дахин сэргээд байгаа юм.
Уг ёслолыг билгийн тооллоор жил бүрийн зуны сүүл сарын шинийн 9-нд хийдэг билээ. Сонин содон төрх бүхий багт хувцас өмссөн 60 орчим лам цамын бүжгийг маш нарийн дэг жаягийн дагуу хийнэ. Цамын хөдөлгөөн бүр муу ёрыг даран хөөх бэлгэдэл, зан үйлийн шинжтэй байдаг. Цамын бүжгийг дэглэж тавихдаа дадлага туршлагатай, өндөр мяндаг тушаалтай ламын удирдлага дор удаан хугацаанд бэлддэг байна. Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм.
Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутаг, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг. Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэддэг тул сүсэгтнүүд энэхүү ёслолд олноор ирдэг. Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл хийдэг аж.