Айргийг НҮБ-ын соёлын өвд бүртгүүлнэ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно.
Уг наадамтай холбогдуулан Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Арвагар хээр МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн нар оролцсон.
Наадмыг нийт 149 сая төгрөгөөр хийж байгаа юм байна. Даншиг наадам энэ сарын 24-нд эрлийз морины уралдаанаар эхлээд 25-ны өдөр албан ёсны нээлтээ хийх юм байна.
Наадмын хоёр дахь өдрөөс азарга, соёолон, их насны монгол морьдыг уралдуулах аж. Хязаалан насны морьд 18 км, шүдлэн 15 км, даага 12 км , азарга 22 км, соёолон 22 км, их нас 25 км зайд тус тус уралдах аж. Түрүүлсэн морьдод 8 сая төгрөгийн бай шагнал олгох юм байна.
Даншиг наадамд улс, аймаг, цэргийн цолтой 512 хүчит бөх барилдах аж. Түрүүлсэн бөхөд найман сая төгрөг, үзүүрлэсэн бөхөд таван сая төгрөгийн бай шагналыг тус тус гардуулах юм байна. Мөн сурын харваа, урлаг соёлын тоглолт, ёслолын буудлага, шашны арга хэмжээ, монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан тус тус зохион байгуулагдах аж.
Мөн Даншиг наадмын хүрээнд монгол айргийг НҮБ-ын соёлын өвд бүртгүүлэх юм байна. Түүнчлэн, Монголын хамгийн шилдэг айргийг шалгаруулах ёслолыг хийх аж. Энэ үйл ажиллагаа энэ сарын 25-нд болох юм байна.