Хуурамч төрийн далбааг хэрхэн таних вэ?
Баяр наадмын өдөр ойртсоор байгаа энэ өдрүүдэд хаа сайгүй төрийн далбаа худалдаалах хүмүүс олширсоор байна.
Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Харин 1949 оны төрийн далбаанаас социалист одыг хассанаараа өөр юм. Улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй далбааны маань дунд хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй билээ. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрладаг.
Гэвч сүүлийн жилүүдэд гадуур зарагдах болсон далбаа стандарт хангахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Эрээнээс оруулж ирсэн энэхүү далбаа нь наадмын гурван өдрийн туршид эрэлт ихтэй байдаг. Гэвч төд удалгүй хаягдаж, хаа нэгтээ хөглөрөх хог болж буйг олон нийт ч, албаны хүмүүс онцолдог. Тиймээс Хятадаас оруулж ирдэг төрийн далбаанаас татгалзахыг уриалж байна.