Наадмын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Баяр наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
Баярын өдрөөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байх зохицуулалтыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хийжээ.
Энэ нь наадамчин олон явганаар чөлөөтэй баярлах, ногоон орчин буюу автомашингүй бүсийг бүрдүүлэх зорилготой юм байна. Харин замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд долдугаар сарын 11-ний өглөө наадмын нээлт эхлэхээс хоёр цагийн өмнө Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас урагш “Баянмонгол” хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оролцуулна.
Мөн маргааш нь буюу12-ны өглөө "Соёолон" морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас "Г", "Ү" зогсоол руу эргэдэг гарц хүртэлх замыг 07.00-09.00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа "Г", "Ү" зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.