Баярын өдрүүдээр 6100 цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажиллана
Үндэсний их баяр наадмын хэв журмын салбар хороо 3 удаа хуралдаж төлөвлөгөө, төсөв, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар хэлтсийн 2600, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 3000, Хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч нийт 57 байгууллагын 6100 алба хаагч, 467 автомашин, 30 мотоцикль хамгаалалтанд ажиллуулахаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангажээ.
Мөн төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүнд жагсаалын үзлэг хийж баяр наадмаар шаардлагатай хувцас, тусгай хэрэгслийн тооцоог гарган агсамж, тусгай хэрэгслээр алба хаагч бүрийг хангасан байна.
Баяр наадмын үеийн хамгаалалтад ашиглах автомашин, холбооны техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж бэлэн болгожээ.
Улаанбаатар хотын гудамж талбай, зуслан, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн эргүүл хамгаалалтанд ажиллах албаны морь, нохой авто болон явган эргүүл, олон нийтийн цагдаа, оюутан цагдааг ажиллуулахад бэлэн болсон байна.
Онцгой байдлын албатай хамтран “Туул”-ын голын орчимд завьтай эргүүл ажиллуулж байна. Цаашид баяр наадмын өдрүүдэд тогтмол ажиллуулах юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд жижүүр, эргүүл хамгаалалтаа сайжруулах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран үүрэг, чиглэл өгсөн.
Баяр наадмын үеэр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхийн талбайд худалдаа үйлчилгээ явуулах эрх авсан аж ахуйн нэгж байгууллагад гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөн ажиллаж байна.
Цагдаагийн байгууллага Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын иргэн, жуулчдад зориулсан санамжийг боловсруулан 3000 ширхэгийг хэвлүүлж бэлэн болгоод байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын зам, автомашины зогсоолын зохион байгуулалтыг шинэчлэн төлөвлөжээ.
• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч зохих үзлэг шалгалтыг хийж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай ажлуудыг зохион байгуулж байна.
• Хүй долоон худгийн хурдан морины уралдааны зам дагуу буусан 58 айлд Төв аймаг, Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран мэдэгдэл, шаардлага хүргүүлэн нүүлгэж хурдан морь уралдах замыг чөлөөлжээ.
Хүй долоон худагт ажиллах цагдаагийн алба хаагчид байрлах цагдаагийн хүрээнд 1 км газраас цахилгаан дамжуулах шугам татсан байна.