Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болжээ
Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, Тэд нийгэмд талцал үүсгээд байгаа хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцлээ. Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж шийджээ. Энэ шийдвэрийн дагуу Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болж байгаа юм.
Энэ талаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга ХХАА-н дэд сайд Б.Батзоригоос тодруулахад “ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын бөхийн холбоонд бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэрээ хүргүүлнэ. Одоогийн байдлаар улсын байр наадамд барилдах бөхийн бүртгэл дуусаагүй байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй. Бөхийн бүртгэл дууссаны дараа Монголын үндэсний бөхийн холбоо дүрмийн дагуу өөрсдөө шийдэх эрх өгсөн” гэв.
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байсан юм.