Төв цэнгэлдэхэд наадамлах иргэдийн машины зогсоолыг шийдээвэрлээгүй байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Урлаг соёлын, хурдан морины, хэв журмын, тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний, үндэсний сур, төрийн ёслол үйлчилгээ, шагайн холбооны салбар хороод ажлын явцаа танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Сүүлийн жилүүдэд зарим телевиз нисгэгчгүй төхөөрөмж ашиглан, наадмын дүрс бичлэгийг хийх болсон. Иймд эдгээрийг хэрхэн яаж ашиглахыг тусгасан журмыг ИНЕГ-тай хамтран гаргахаар болжээ. Мөн Хүй 7 худаг хүрэх иргэдэд зориулан рэйлбус ашиглах тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо УБТЗ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэнэ.
Одоогоор 53 ААН наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээ үзүүлэхээр зохих зөвшөөрлөө авчээ. Энэ мэтчилэн наадмын бэлтгэл ажлууд үргэлжилж байна.
Нийслэлчүүд наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг заавал зорьдог. Гэтэл сүүлийн жилүүдэд стадион тойруулан, бараг наалдуулах шахам барьсан өндөр барилгуудын улмаас иргэд машинаа стандартын бус зогсоолд, хол газарт тавих болсон. Явган зорчигчдоо хамгаалах зорилгоор цэнгэлдэхийн эргэн тойрны авто замыг хаадаг. Энэ нь ч аргагүй. Харин иргэдэд машины зогсоол олох нь ихээхэн хүндрэлтэй болсон.
Өнөөдөр болсон хурлын үеэр энэ талаар лавлахад машины зогсоолын төлөвлөгөөг эцэслэн шийдээгүй байна. Өмнөх жилүүдийнх шиг зарим иргэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх “Рапид харш” хорооллын зүүн талд машинаа байрлуулах боломжтой. Энэ нь шороон зогсоол бөгөөд цэнгэлдэх хүртэл багагүй хол. Мөн Энхтайвны гүүр дагуух Хурд хорооллын баруун талын багахан зогсоолыг наадамчдад зориулдаг. Гэсэн ч эдгээр зогсоолууд хаанаа ч хүрэлцдэггүй.
Одоогоор шийдсэн бас нэг зогсоол нь Суруга Монгол компанийн хашаа юм байна. Тэнд байсан барилгын материалыг зөөвөрлөж, 1000 автомашины шинэ зогсоол болгожээ. Энэ нь бас шороо бужигнасан газар байх нь тодорхой боллоо. Ажлын хэсгийнхэн Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх сул орон зайг зогсоол болгох боломжийг судалж байна, авто машины зогсоолын тоо өмнөх жилээс буураагүй гэдэг хариултыг бидэнд өглөө.
Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэн, 1.2 тэрбум төгрөгөөр хиймэл зүлэг суулгаж байна. Улсын төсөв хэдий алдагдалтай байгаа ч эрх баригчид хийе гэснээ хийдэг л юм байна.
Иймд дараа дараагийн наадмаа бодолцон, томоохон хэмжээний авто зогсоолыг Төв цэнгэлдэхийн ойролцоо яаралтай барих шаардлагатай байна. Эс бөгөөс наадамчдын машины зогсоол жилээс жилд улам хумигдсаар. “Алсын хараатай” хотын дарга нарын балгаар нийслэлчүүд цэнгэлдэхдээ наадамлах аргагүй болох нь.