Наадамчдын гудамжинд Монголын ёс заншил түүхийг харуулсан бүтээл урлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд “Acем-2016” уулзалтын хүрээнд Наадамчдын гудамжинд хийх тохижилтын ажилтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр холбогдох албаныхан Наадамчдын гудамжны замын голоор цэцэг тарьж, хоёр захаар нь мод, бут, сөөг суулган нүүдэлчдийн урлаг соёлын онцлогийг харуулсан уран баримал байрлуулж, зам дагуух байршлуудад уран зураг зурах төлөвлөгөө, зочид төлөөлөгчид явж өнгөрөх гүүрүүдэд усан толио хийж, гэрлээр чимэглэж, Богд уулын арын зам дагуух уулын энгэрт Монголын ёс заншил түүхийг харуулсан бүтээл урлах гэж байгаагаа танилцуулав. Зам дагуух аж ахуйн нэгжүүдэд “Эх орныхоо нүүр царайг дэлхийн бусад оронд харуулах учраас барилга байшин, орчныхоо өнгө үзэмжийг сайжруулах үүрэг өгч хамтран ажиллахыг хүссэн” гэдгээ дуулгасан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын нэртэй уран зураач, уран барималчдын бүтээлийг байршуулах, тэдний хийсэн бүтээлийг олонд хүргэхэд анхаарч ажиллаарай. Хийсэн бүтээл бүхэн уран бүтээлчийн нэр, бүтээлийн хаягтай байх ёстой. Дэлхийн бусад улс өөрийн орны соёл, урлагийн онцлогийг тусгасан уран зураачдын бүтээл, уран барималаараа бахархах дуртай байдаг юм шүү. Мөн мал аж ахуй эрхэлж буй иргэд малаа зам руу оруулахгүй байхад анхаарч, тохижилтын ажлыг иргэд хувийн хэвшилтэйгээ хамтарч гүйцэтгэх хэрэгтэй” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.