Наадмын үеэр дүүрэг тус бүрээс 15-20 шар хантаазтан талбайд ажиллана
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэллээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцсан талбайн хуваарилалтыг хийж, дүүргүүдэд ажлын ерөнхий зааварчилгаа өгч ажиллаж байгаа бөгөөд мод хэлбэржүүлэлт, түүвэр цэвэрлэгээнээс гадна замын хашлага, хайс, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орох хэсгийн тугны суурийн цагаан өнгийг сэргээн, цэнгэлдэхийн гадна талын ногоон бүслүүрийг будаж, 12 дугаар секцийн дотор байрлах нийтийн бие засах газрыг засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 40 том мод, 600 метр урт ургамлан хашлагыг тэгшлэн засч, өнгө үзэмжийг нь сайжруулах юм. Наадмын үеэр дүүрэг тус бүрээс 15-20 шар хантаазтан талбайд ажиллаж, 120 хогийн сав байрлуулж хог хаягдлыг тухай бүрт цэвэрлэн ачих бөгөөд түүвэр цэвэрлэгээ хийсэн газруудад ногоон байгууламжийн усалгааг өдөр бүр хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.