Боловсролыг дэмжигч даргаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тодорлоо
Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхийн багш нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад энэ жилээс эхлэн багш нарын баярыг тус өдөр тэмдэглэхээр болсон. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газартай хамтран "Багшаа алдаршуулъя" хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр Бөхийн өргөөнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн сургууль, цэцэрлэгийн багш нар оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр Нийслэлийн оны тэргүүний сургууль, цэцэрлэгийг тодрууллаа. Оны тэргүүний сургуулиар Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, оны тэргүүний цэцэрлэгээр Баянзүрх дүүргийн 22-р цэцэрлэг шалгарсан бол оны шилдэг хувийн өмчит сургуулиар Баянгол Гурвантамир сургууль тус тус шалгарлаа. Мөн Боловсролд хөрөнгө оруулъя гэсэн уриаг хэрэгжүүлэн Боловсролын салбарын чанарын шинэчлэлийн хүрээнд сургууль цэцэрлэгүүдийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаар дэмжих, багш хүүхэд бүрийг хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд нийслэлийн хэмжээнд үлгэрчилэн санаачлагатай ажилласан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар тодорч өргөмжлөл гардаэ авлаа. Мөн сургалтын чанар, үр дүнгээрээ шалгарсан Баянгол дүүргийн 86-р цэцэрлэгийн хамт олон, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Сонгинохайрхан дүүргийн 110-р сургуулиудад таван сая төгрөгийг олгов. "Багшид хөрөнгө оруулъя" уриаг хэрэгжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А399 дүгээр захирамжаар батлагдсан "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуул, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индекс"-ээр дүгнэх журмын дагуу шалгарсан 28 багш, 23 цэцэрлэг, 10 ерөнхий боловсролын сургууль, гурван дүүргийн боловсролын хэлтсийг нийт 324 сая 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. Тус шагналыг Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн багш Г.Мөнхжаргал, Хан-Уул дүүргийн Гүнгалуутай сургуулийн багш Ч.Байгалмаа нар тус тус хоёр сая төгрөгөөр шагнуулсан бол бусад багш нар 3-6 сая төгрөгөөр шагнагдсан юм.