18 жил ашиглагдаагүй
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны 1996 оноос хойш ашиглагдаагүй байсан бага танхимыг засварлаж иргэдэд хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батгэрэл, Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирал Б.Минжүүр болон иргэдийн төлөөлөл оролцож Соёлын ордны бага танхимыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Хан-Уул дүүргийн Соёлын ордон нь анх 1936 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийж байгаа Бага танхим нь 1996 оноос хойш огт ашиглагдаагүй байсан байна. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл хэлэхдээ "Хан-Уул дүүргийн Соёлын ордон анх ажилчдын соёлын ордон нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба энэ ордноос олон, олон алдартнууд төрөн гарсан нь бидний мэдэх П.Адарсүрэн, Г.Түмэндэмбэрэл нар билээ. Анх энэхүү танхимыг засварлаж өгөөч гэсэн саналыг ард иргэд маань сонгуулийн ажлын үеэр бидэнд тавьж байсан. Өнөөдрөөс эхэлж энэ танхимд дүүргийн хүүхэд залуучууд маань хичээллэж, олон, олон П.Адарсүрэн, Г.Түмэндэмбэрэл нар төрөөсэй гэж хүсэн ерөөе" хэмээлээ. ССАЖЯ-аас бага ордны танхимын бүрэн засвар болон сантехникийн засварын ажилд нийт 270 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна. ССАЖЯ-аас сум, аймаг, дүүргийн соёлын төвийг засварлахад нийт төсвийнхөө 30-40 хувийг зарцуулдаг бөгөөд энэ нь хоёр тэрбум төгрөг болдог ажээ. Энэ үеэр ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл "Иргэдтэй уулзах цаг"-ийг зохион байгууллаа.