Гудамж, талбайд согтуурсан иргэдэд цагдаа, эмнэлгийн байгууллагууд хамтран тусламж үзүүлнэ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран гудамж, талбай, олон нийтийн газарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсон иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг дүгнэж, уулзалт зохион байгууллаа.
Арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Түргэн тусламжийн төв, дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтэс болон эрүүл мэндийн төвүүдийн удирдах албан тушаалтнууд оролцож, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үр дүнд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хүний эрхийг хангах, байгууллага хоорондын уялдаа, үйл ажиллагааг сайжруулах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.




