Л.Хосбаяр: Улаанбаатар метро төслийн санхүүжилт, эрх зүйн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

Улаанбаатар метро төслийн ажлын хэсэг хуралдаж, тендерийн явц, санхүүжилт болон эрх зүйн нөхцөлийн талаар хэлэлцлээ.
Хурлаар EPC+F санхүүжилтийн хувилбарт шаардлагатай эрх зүйн зөвшөөрөл, зээлийн баталгаа бүрэн шийдвэрлэгдээгүй, мөн зээлийн хүү болон өрийн үйлчилгээний зардал батлагдсан төсөвт тусгагдаагүй асуудлыг танилцуулсан. Эдгээр нөхцөл тодорхойгүй байгаа тул тендерийг одоогийн байдлаар үргэлжлүүлэх боломжгүй гэж үнэлгээний хороо үзжээ.
Ажлын хэсгийн хэлэлцүүлгээр төслийн санхүү, эдийн засгийн тооцоог шинэчлэх, өрийн үйлчилгээний зардлыг нарийвчлан тооцох, шаардлагатай зөвшөөрөл болон санхүүжилтийн бүтцийг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх санал гаргалаа. Эдгээр асуудлыг шийдсэний дараа тендерийн баримт бичиг, цаашдын хэрэгжилтийн хувилбарыг дахин авч үзэх юм.
Метро төслийн талаарх эцсийн шийдвэрийг Нийслэлийн холбогдох шатны байгууллагууд гаргана гэж Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээллээ.

