₮34.4 тэрбумын шуудай “шахсан“ Алхими ХХК дахин ₮11.5 тэрбумын шуудай нийлүүлэх тендерт ШАЛГАРЧЭЭ

"Тавантолгой түлш” ХХК-ийн зарласан 11.5 тэрбумын шуудай нийлүүлэх тендерт “Алхими” ХХК дахин шалгарчээ.
Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард материал хүлээн авсан тус тендерт нийт 8 компани санал ирүүлснээс “Алхими” ХХК 11,550,000,000 төгрөгийн үнийн саналаар шалгарч, гэрээ байгуулжээ.
“Алхими” ХХК-ийн хувьд өнгөрсөн 2 жилийн хугацаанд монопол байдлаар “Таван толгой түлш” ХХК-д 34.4 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлжээ.
Шахмал түлшний шуудайг худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулдаг. Энэхүү сонгон шалгаруулалт ч шударга явагддаг нь эргэлзээтэй.
Тендерт олон компани “үзэлцдэг” ч сүүлийн хоёр жилийн хугацаанд ганцхан компани “Таван толгой түлш” ХХК-д шуудай нийлүүлж байна.
“Алхими” ХХК нь хурдан морины удмын санг бүрдүүлдэг программ зохион бүтээж энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. “Алхими” ХХК-ийн тухай нээлттэй мэдээллээс харахад Б.Ганбат гэх залуу эзэмшиж, удирддаг. “Алхими” ХХК-ийг хувьцаа эзэмшигч Б.Гүнжидмаа, А.Алтанхуяг гэж хүн байна. Зарим хэвлэлд гарсан мэдээллээс харахад А.Алтанхуяг нь МАН-ын гишүүн бөгөөд 2012-2016 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хийжээ. Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайд асны шадар туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм байна. Ийнхүү тэд шахмал түлшний шуудай нийлүүлэх тендерт “ноёлсон” хэвээр байгаа юм.


