ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр: Баянзүрх дүүргийн инженерийн шугам сүлжээний асуудлыг хамтран шийдвэрлэнэ

Баянзүрх дүүргийн хэмжээнд 708 орон сууцны барилгын 48,080 өрх, 137,134 оршин суугч, 3,112 аж ахуйн нэгж, байгууллагад 404.5 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан халаалт, халуун, хүйтэн ус, бохир ус татан зайлуулах үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Нийт шугам сүлжээний 290.3 км буюу 71.7 хувь нь 25-аас дээш жилийн насжилттай бөгөөд шугам сүлжээ болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, Засаг даргын орлогч Д.Даваасамбуу, Дүүргийн менежер Ц.Гомбосүрэн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Уранбилэг болон холбогдох албаныхантай ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр, Ерөнхий инженер Ж.Пүрэвжамц, хэлтэс, нэгжийн дарга, Зүүн түгээх төв болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4, 17-ын дарга, ахлах инженерүүд хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар дүүргийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, иргэдээс ирүүлж буй санал, гомдол болон шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, нийслэл болон дүүргийн төсөвт тусган шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг танилцууллаа.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны УДДТ-171, 16 дугаар хорооны УДДТ-1 ийн халуун, хүйтэн усны шугамд зэв арилгах тоног төхөөрөмж;
Ашиглалтын хугацаа дууссан 30 ус дулаан дамжуулах төвийн халаалтын насос, халуун болон хүйтэн усны ялтсан дулаан солилцуур, хүйтэн усны насос, давтамж хувиргагч, температур тохируулах хаалт зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэх;
Баянзүрх дүүрэгт гадна тэжээлийн кабель шугамын өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй нийт 87 шугам байна. Тэдгээрийг хариуцах эзэнтэй болгох, шугамд эвдрэл, гэмтэл гарсан үед хариуцах, шуурхай арга хэмжээ авах холбогдох байгууллага тодорхойгүйгээс 258 орон сууцны байрны 15480 өрхийн дулаан, цахилгаан, халуун, хүйтэн ус тасалдах эрсдэл үүсэж байгаа талаар;
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах УДДТ-6 дугаар төвийн төгсгөлийн хэрэглэгчийн геодизийн өндөржилтийн зөрүү 14 метр байгаа нь 2 дугаар хэлхээний даралт өндөрсөх шалтгаан болж, төгсгөлийн хэрэглэгчдээс санал, гомдол ихээр ирж байна. Иймд тус УДДТ-ийг шилжүүлэн барихад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэх;
Мөн УДДТ-197 нь хэрэгцээний халуун болон хүйтэн усны цогц төхөөрөмжгүйгээс тус төвөөс хангагддаг 9 орон сууцны барилгын 1,484 оршин суугч, 6 аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээний халуун усыг 3 дугаар хэлхээнд бэлтгэн нийлүүлж байна. Иймд тус төвд хэрэгцээний халуун, хүйтэн усны цогц төхөөрөмж суурилуулах, өргөтгөл барихад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тус тус танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс зураг төсөв нь боловсруулагдсан, нэн шаардлагатай ажлуудыг дүүргийн төсвийн тодотголд тусган шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.









