Гэрлэх ёслолын ордоны захирал Х.Алтаншагай тус ордонд “JCI“-ын чуулганыг зохион байгуулж, зориулалт бусаар ашиглажээ

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын захирал Х.Алтаншагай нийслэлийн өмчийн тус байгууллагын байранд “JCI“-ын чуулганыг зохион байгуулж, зориулалт бусаар ашигласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Тодруулбал, залуу хосууд хуримаа хийхээр захиалга авахад өдрөө олж ядан, үйлчилгээний үнэ тарифын асуудал анхаарал татаж буй энэ үед Гэрлэх ёслолын ордны танхимд JCI Grand салбар байгууллагын VIII чуулган, 2026 оны бүх гишүүдийн хурал зохион байгуулагджээ.
Ингэхдээ нийслэлийн өмчийн байгууллагын үндсэн зориулалт, үйл ажиллагаатай холбоотойгоор тус танхимыг ямар үндэслэлээр, ямар нөхцөлөөр ашиглуулсан нь анхаарал татаж байна.
Нийслэлийн өмчийн хөрөнгийг хэн нэгэн албан тушаалтны шийдвэрээр дур мэдэн, давуу байдлаар ашиглуулж болох уу, Х.Алтаншагай дарга аа.
Түүгээр зогсохгүй тус ордны барилга, танхимыг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2025 онд зөвхөн дээвэр, танхимын шинэчлэлийн зураг төсөлд 600 сая төгрөгийн төсөв зарласан байна.
Ийм хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж буй нийслэлийн өмчийн байгууллагын талбайг ямар зориулалтаар ашиглуулж байгаа, тэр дундаа үндсэн үйл ажиллагаатай нь хэрхэн уялдаж буйг олон нийтэд ил тод мэдээлэх нь зүйтэй.
Ташрамд дурдахад, энэ оны долдугаар сард Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын захирлаар Х.Алтаншагай томилогдсон байдаг. Тэрбээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн МАН-ын дэд дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргын албыг тус тус хашдаг билээ.




