Ц.Төрхүү: Багачууд шинэ сургуулийнхаа хаалгаар “Онц сурна аа“ гээд орж байхыг хараад үнэхээр их баярлалаа

НИТХ-ын төлөөлөгч, Ус Сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү "Энэ жил улсын хэмжээнд сургуулиуд нүхэн жорлонгүй болсон хичээлийн шинэ жил болж байгаа.
СХД-ийн Толгойт бүсэд нүхэн жорлон 10 гаруй жилийн өмнөөс халагдсан. Байгаа хэдэн сургуулиа засаж янзлан нүхэн жорлонг нэг нэгээр халж дараа нь гадна талбайн тохижилтоо хийж, харин одоо шинэ сургуулиудаа ээлж дараалан нээж байна. Би төлөөлөгчийнхөө хувьд энэ зүйл дээр олон жил нөхдийн хамт тэмцжээ.
Том өөрчлөлт жижиг зүйлээс эхэлдэг. Ердөө 00-ын асуудал мэт ч цэвэр бохироо шийдчихсэн инженерийн шугам сүлжээ асуудалгүй болсон нөхцөлд уулан дээр цэцэрлэг, сургууль бий болох асуудалгүй гэсэн үг.
Газар доогуур маш их бүтээн байгуулалт энэ хугацаанд хийгдсэн. Гэр хороололд ухаалаг худгууд бий болж зөөврийн устай худаг мөн бүрэн халагдах дөхөж байна.
Багачууд шинэ сургуулийнхаа хаалгаар "Онц сурна аа" гээд орж байхыг хараад үнэхээр их баярлалаа.
Хүүхдүүд маань гэр хороололд ч гэсэн усны гачлангүй хэзээ ч худгаас усаа авсан устай байх, сургууль нь дулаахан, 00 нь дотроо байх, багш нар нь ажилдаа дуртай байх үүнээс илүү жаргал гэж хаа байх вэ. Хичээлээ тараад усанд явж урт дараалалд зогсон ус дуусахыг харж, усны машин хүлээж өссөн түүх бидний бага насанд байсан. Усанд явах маш чухал ажил байлаа шүү дээ. Бид ямар байгаад ямар болсноо үргэлж санаж явах хэрэгтэй. Би мартдаггүй юм.
Өнөөдөр шөнийн гэр хороолол өдөр шиг гэрэлтэй хаа сайгүй камержсан байгаа. Бид хийж байгаа, хийсээр байна. Хийж бүтээснийг хэрхэн авч явах ариг гамтай байх иргэн та бүхний үүрэг юм." гэв.





