Ц.БАТТӨР: Бумбатын рашааны цөөрмийн тусламжтайгаар үерийн усны эрсдэл буурч, агаарын чийгшил 15 хүртэл хувиар нэмэгдэнэ

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны гол, Бумбат Рашаан, булгийн усыг хамгаалах, усны нөөцийг хуримтлуулах, байгалийн экосистемийн тэнцвэрийг хадгалах, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Голомт Банк”, “Престиж Инженеринг” ХХК хамтран ажиллах гэрээг байгуулж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Хотын орлогч дарга Б.Мөнхбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ц.Батбаяр, төслийн санхүүжүүлэгч Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон бусад албаныхан, иргэд оролцлоо.
Энэ үеэр СХД-ын засаг дарга Ц.Баттөр "Бумбатын рашааны орчимд хөв цөөрөм байгуулснаар Улаанбаатар хотын гадаргын усан сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, үерийн усны эрсдэлийг бууруулж,агаарын чийгшил 5-15% нэмэгдэх, тоосжилт 20-50% буурах, 3191 өрхийн 9810 иргэдийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломжтой. Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдээ ая тухтай орчинд амьдруулах зорилгоор олон ажлыг төлөвлөн эхлүүлээд байна." гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бумбатын хөв цөөрмийн төслийн ажил эхэлсэн бөгөөд 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм, 800 гаруй метр явган болон дугуйн зам, 6 байршилд камержуулалт, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг гүйцэтгээд байна.
Бумбатын рашаан орчимд дүүргийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын төрийн албан хаагчид, 43 хороо хамтран 10,000 мод тарьсан аж.







