84 дүгээр сургуулийн уулзварт тогтсон үерийн усыг соруулж, автозамын хөдөлгөөнийг нээжээ

2026 оны долоодугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсан, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан нөхцөл байдал үүссэн.
Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулжээ.
Мөн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шаврыг цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийсэн байна. Ийнхүү авто замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 09:00 цагт бүрэн нээсэн болохыг холбогдох албанаас мэдээллээ.
