Дулаан-техникийн иж бүрэн шинэчлэл хийгдсэн анхны угсармал орон сууцны барилгын нээлт боллоо

2026 оны 6 сарын 11

Arslan.mn

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” (RePaRe) төслийн хүрээнд дулаан-техникийн иж бүрэн шинэчлэл хийгдсэн анхны угсармал орон сууцны барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 10 дугаар байранд боллоо.

Энэхүү үйл явдал нь Улаанбаатар хотын хуучин угсармал орон сууцны санг үе шаттайгаар шинэчлэх, барилгын салбарын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хэрэгжиж буй томоохон ажлын бодит үр дүнг харуулсан онцлох үйл явдал болж байна.

Arslan.mn
Төслийг Их Британи болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Mitigation Action Facility сан санхүүжүүлж байна. Хамтран санхүүжүүлэгчээр Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ажиллаж байгаа бөгөөд төслийг Монгол дахь GIZ хэрэгжүүлж байна.

Нээлтийн арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Антеа Хеффернан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Мөнхбаатар, GIZ-ийн Зүүн Өмнөд Ази хариуцсан захирал Мартин Хансен, GIZ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Юүрген Хартвиг болон бусад хамтрагч байгууллагуудын төлөөлөл, оршин суугчид оролцлоо.

Arslan.mn

Арга хэмжээний үеэр оролцогчид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, оршин суугчдын амьдрах орчны чанарыг сайжруулахад төслийн оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ. Мөн энэхүү санаачилга нь Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтууд болон олон улсын хэмжээнд хүлээсэн уур амьсгалын үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тодотгосон юм.

Улаанбаатар хотын орон сууцны барилгын сангийн ойролцоогоор 30 хувийг угсармал орон сууцны барилгууд эзэлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 40–50 жилийн өмнө баригдсан, дулаан алдагдал өндөртэй барилгууд юм. Иймээс эдгээр барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь хотын эрчим хүчний хэрэглээг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд 2026–2027 онд нийт 200 орчим угсармал орон сууцны барилгыг шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 45 гаруй блок барилга дээр дулаалгын ажил эхлээд байна.

Мөн дулаалгад хамрагдсан барилгын оршин суугчдын эргэн төлөлт, санхүүжүүлэгч байгууллагуудын дэмжлэгээр Барилгын эрчим хүчны хэмнэлтын санг УБЗАА-ын харьяанд байгуулахаар зорьж байна. Үүний үр дүнд RePaRe төсөл хэрэгжиж дууссаны дараа ч Улаанбаатар хотын үлдсэн угсармал орон сууцны барилгуудад дулаалгын ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломжтой болно.

Анхны шинэчлэгдсэн барилгын нээлт нь зөвхөн нэг барилгын шинэчлэл бус, харин Улаанбаатар хотын орон сууцны салбарын эрчим хүчний шилжилтийн бодит эхлэл юм. Энэхүү туршлага нь цаашид олон зуун барилгыг эрчим хүчний хэмнэлттэй, тав тухтай, аюулгүй орчин болгон шинэчлэх суурийг тавьж, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр болох юм

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669333
0 эможи

keyboard_arrow_up