“Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөгөөр ахмад ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний нийгмийн оролцоог дэмжих, үе хоорондын залгамж холбоог бэхжүүлэх, байгууллагын бодлого, үйл ажиллагааг танилцуулах зорилго бүхий “Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөгийг /2026.06.10/ зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтэд Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нар оролцож, ахмад ажилтнууддаа баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.

Өдөрлөгийн үеэр ахмад ажилтнууд хамт олонтойгоо уулзан дурсамжаа хуваалцаж, нөхөрлөлийн холбоогоо бататгахын зэрэгцээ шатар, бүжгийн тэмцээнд оролцож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө үйлчилгээнд хамрагдлаа.
Цагдаагийн байгууллагын хөгжил дэвшил, түүхэн замнал нь үе үеийн ахмад ажилтнуудын үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Тиймээс тэдний хуримтлуулсан мэдлэг, ёс зүй, үнэт зүйлсийг залуу алба хаагчдад өвлүүлэн уламжлуулах нь байгууллагын хөгжлийн чухал үндэс хэвээр байна.








