Г.Мөнх-Оргил: Иргэд, амрагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан Мэлхий хадны орчимд явуулын пост 24 цагаар ажиллаж байна

Горхи-Тэрэлжийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Мөнх-Оргилоос тодрууллаа.
-Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Горхи-Тэрэлж орчмын бүсэд гадны болон дотоодын жуулчид ихээр зорчдог. Өнгөрсөн оны байдлаар хичнээн жуулчид зорчсон байдаг вэ?
“Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээнд 2025 онд хоногт дунджаар 5000-6500 орчим амрагч, 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 350,000 орчим аялагч, амрагч зорчсон. Мөн Тэрэлж, Туул голын эрэг дагуу хоногт 1500-3000 орчим иргэд гол дагуу буудаллан, тухайн бүс нутагт амарч зугаалсан тухай тоон мэдээ, судалгаа байна.
-Энэ бүсэд аль төрлийн гэмт хэргийн гаралт илүү үйлдэгддэг вэ?
Дулааны улиралд иргэд, амрагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг болон согтуугаар үйлдэгдэх бусад төрлийн гэмт хэрэг, зөрчил өсөж, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс бид энэ тал дээр анхаарч урьдчилан сэргийлэх ажлуудаа хийдэг.
-Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Өнөөдрийн байдлаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс “Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт газарт үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж буй дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очиж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг хүргэх зорилгоор тус дүүргийн 6 дугаар хороо, Мэлхий хадны орчим явуулын пост 24 цагаар ажиллаж байна.
Цаашид Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран завьт эргүүл, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл хяналтын хэлтэстэй хамтран морьт болон мотоцикльт эргүүл, аялж, зугаалж буй гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх зорилгоор гадаад хэлний мэдлэгтэй алба хаагчийг нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөж байна.

