Буух гэж байсан зорчигчийг хаалгаараа хавчсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торгов

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Булган аймгийн иргэн С.Жамъянсүрэн: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-207 гарааш дугаартай автобусны жолооч М.Нямхүүд маш их баярлалаа. Автобусны чиглэл, маршрутыг төвөгшөөлгүй зааж өгсөн эелдэг сайхан харьцсанд баярлалаа.
Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Нарантуяа: М:1А (Ханын материалын Комбинат-Мөнгөн завьяа) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-050 гарааш дугаартай автобусны жолооч Б.Нарангэрэл нь иргэдийг мэдээллээр хангаж, эелдэг сайхан харьцаж байна. Жолооч бүр ийм байвал гоё, ажлын өндөр амжилт хүсье.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Лувсанбямба: М:1 (5 Шар- Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-146 гарааш дугаартай автобусны жолооч О.Батсайхан гээсэн бичиг баримт олж өгсөнд баярлалаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн С.Энэрэл: Ч:61(ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа "Сутайн буянт" ХХК-ийн 5-233 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Түмэнжаргал ээжид минь UBCARD аппликейшныг зааж өгч тусалсанд баярлалаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн А.Цогоо: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа "ЭМСИД" ХХК-ийн 19-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч. Сүнжидмаад баярлалаа. Тав тухтай цэвэрхэн, зөөлхөн явдалтай автобусанд үйлчлүүлээд буулаа. Бүх автобус ингэж үйлчилдэг бол гоё.
Талархал: Багануур дүүргийн иргэн Ж.Зоя: 2026.04.21-ны өдөр гээгдүүлсэн байсан бичиг баримтыг минь “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-169 гарааш дугаартай автобусны жолооч С.Золзаяа олж өгсөнд маш их баярлалаа.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Г.Нямдаржаа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 1-108 гарааш дугаартай автобусны жолоочид маш их гомдолтой байна. Зам түгжрэлгүй байхад 20 км цагийн хурдтай яваад байхаар нь тогтоосон хурд гэж байна уу? Арай удаан яваад байгаа юм биш үү гэхэд тус жолооч маш муухайгаар уурлаж, хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-108 гарааш дугаартай автобусны жолооч Д.Ж-ыг шалгаж, гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Р.Алтанцэцэг: Ч:38 (ХМК-Хайлаастын шинэ эцэс) чиглэлд явж байгаа 5-283 гарааш дугаартай автобусны жолооч 57-р сургууль автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан. Маш их гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу хяналтын камерын бичлэг үзэхэд 57-р сургуулийн автобусны зогсоолоос зорчигч суулгаагүй зөрчил гаргаагүй байна. 39-р сургуулийн зогсоолд зорчигч буулгаж, суулгаад хөдлөх үед зогсож байсан автомашины цаанаас хүн гүйж ирсэн. Энэ үед жолооч бусад тээврийн хэрэгслүүдэд зам тавьж, хөдөлгөөн эхлэх зорилгоор толиндоо харж явсан байна. Иймд жолооч санаатайгаар зорчигчийг орхисон, зогсоол дээр зогсоогүй гэж үзэх үндэслэлгүй байна. Жолооч А.Б-д нийтийн тээврийн үйлчилгээнд анхааралтай ажиллах талаар тодорхой үүрэг, даалгавар өгөв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ж.Отгонцэцэг: Ч:33(Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог) чиглэлд явж байгаа 1-017 гарааш дугаартай автобусны жолооч настай ээжийг минь Жоби дэлгүүр дээр буухад нь өшиглөж, унагасан байна. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-017 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад Жоби дэлгүүрийн автобусны зогсоолд гомдол гаргагч иргэн автобусны зорчигчийн танхимд бөөлжөөд бууж явсан байна. Жолооч бөөлжсөө цэвэрлэх шаардлага тавьж, нойлын цаас өгөхөд хэсэг цэвэрлэж байгаад бусад зорчигчтой хэрэлдэн, жолоочийг гөлөг минь гэж хэл амаар доромжилж, жолооч руу нулиман бууж явсан байна. Жолооч гомдол гаргагчийг өшиглөх үйлдэл гаргаагүй байна. Иймд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзлээ.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ж.Мөнхтүшиг: Ч:29Б (Вокзал-Сансарын тойрог) чиглэлд явж байгаа 3-060 гарааш дугаартай автобусны жолооч Барс худалдааны төв зогсоол дээр буух гэж байхад хаалгаараа хавчсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-060 гарааш дугаартай жолооч Б.Э-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Янжиндулам: М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлд явж байгаа 3-199 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-199 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Энхцэцэг: Ч:72 (Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт) чиглэлд явж байгаа 5-244 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Бага насны хүүхдийг зүй бус үгээр хэлж, хөөж буулгасан.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу “Сутайн буянт” ХХК-ийн 5-244 гарааш дугаартай автобусны хяналтын камерыг шалгахад зорчих хөлсөө төлөөгүй хүүхдээс жолооч зорчих хөлс төлөх, шаардлага тавьсан байсан. Энэ үед зорчигч эмэгтэй хүүхдийн өмнөөс картаа уншуулж жолоочтой маргаж байна. Жолооч хүүхдийг хөөж буулгаагүй, зүй бус үг хэллэг хэрэглээгүй байх тул гомдлыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

