Х.Нямбаатар: Ипотекийн сан байгуулах талаар судалж байна

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр "Улаанбаатар хотод хамгийн их бүтээн байгуулалт хийж, хөгжилд хувь нэмрээ оруулан, татвар төвлөрүүлдэг салбар бол барилгын салбар. Барилгын салбар хөгжихөд бодитоор саад учруулж байгаа хэд хэдэн асуудал бий. Үүний нэг нь техникийн нөхцөлийн асуудал юм. Дулаан хангамж, цахилгаан хангамж болон бусад дэд бүтцийн техникийн нөхцөлүүд дээр бэрхшээл тулгардаг. Цахилгаан хангамжийн асуудал ойрын нэг, хоёр жилийн хугацаанд шийдэгдэнэ гэж харж байна. Харин дулаан хангамжийн асуудалд хот Эмээлтийн 24 мВт, Дэнжийн мянгын 93 мВт-ийн станц болон, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Хан хиллс”-ийн 63 мВт гэх мэт дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмж байна. Энэ бол барилгын компаниудын төсөл эхлэх хамгийн том хүчин зүйл юм.
Мөн ипотекийн эх үүсвэр дутагддаг учраас барилгын компаниудын борлуулалтад хүндрэл учирдаг. Үүнийг шийдэхийн тулд хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байна. Эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглана. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 9000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8 хувийн хүүтэй зээл олгох замаар борлуулах төлөвлөгөөтэй байна. Хөгжсөн улсын хотууд ипотекийн банктай байдаг жишиг рүү орох ёстой" хэмээв.

