Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 171 сургуулийн 189,600 хүүхдийг “СҮҮН ДАРХЛАА” хөтөлбөрт хамруулна

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн үр дүн сайн гарсан учир энэ онд өргөжүүлж, өнөөдрөөс эхлэн улсын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад долоо хоногт гурван удаа стандартын шаардлага хангасан, эрүүл сүүг өгч эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 171 сургуулийн 189,600 хүүхдийг “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулахаар болжээ.
Тэгвэл өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа Баянгол дүүргийн 70, 51 дүгээр бүрэн дунд сургууль болон Сэтгэмж цогцолбор сургуульд ажиллаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ "Бид эрүүл монгол иргэн бэлтгэн гаргахын төлөө хичээн ажиллах ёстой. Үүний эхлэл болсон нэг ажил нь хүүхдийн хэвийн өсөлт бойжилтыг нь дэмжих зорилготой “Сүүн дархлаа” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үед хүүхдийн бие бялдрын судалгааг ч давхар эхлүүлсэн. Ингээд жил гаран хэрэгжсэн уг төслийн үр дүн нь маш сайн гарсан тул хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж улсын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүддээ гурван өдөр сүү өгч, дархлаа, эрүүл мэнд, өсөлт хөгжлийг нь дэмжих ажлыг дахин эхлүүлээд байна.
Судалгаагаар сүү уусан хүүхдийн хэвийн өсөлт хөгжил дэмжигдэж, шүдний цоорол, кальцийн дутагдал, Д витаминыг хангагдаж байгаа нь тогтоогдсон. Өнөөдрөөс эхлэн хүүхдүүдийнхээ нарийн судалгааг хийж, үр дүнг нь хянаад явна. Сүүний зардлыг НЗДТГ, Дүүргийн ЗДТГ болон эцэг эхчүүд хамтран гаргахаар болсон. Сүү нийлүүлж буй компаниудад хамгийн сайн чанарын сүүг нийлүүлэх стандартыг тавьж, эргэх холбоотой ажиллахыг уриалж байгаа” гэдгийг онцоллоо.

Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал С.Мөнхзаяа:
"Сүүн дархлаа" хөтөлбөр хэрэгжих зар ирсэн даруйд манай сургуулийнхан хүүхдэд өгөх бүтээгдэхүүн учраас ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөг гаргасан. Энэ үеэр эцэг, эхчүүд, хүүхдүүдээс судалгааг авч, 593 хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Сүүний захиалгаа өмнөх өдөр нь хийж, хүүхдүүддээ өнөөдрөөс эхлэн хүүхдүүддээ сүүгээ уулгачихаад байж байна. АПУ дэйринг ХХК сүү хөтөлбөртэй тасралтгүй жил гаран ажиллаж байгаа учраас туршлагатай байна. Хүүхдүүдэд өгч байгаа сүү нь үнээний цэвэр сүүг Д витаминаар баяжуулсан байгаа нь маш их онцлогтой байна. НЗДТг, НИТХ-аас хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг нь дэмжих зорилгоор маш том хөтөлбөрийг эхлүүлсэнд баяртай байна.

Нийслэлийн ЕБ-ын 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал:
Манай сургуулийн 1-5 дугаар ангид нийт 362 сурагч суралцдаг. Энэ цаг үед хүүхдэд маш хэрэгтэй Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад маш их баяртай байна. Манай сургуулийн хувьд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг учраас хүүхдүүдэд сүүний хэрэглээ маш чухал. Сүүг стандартын дагуу хүлээн авах, хадгалах, хүлээлгэн өгөхөд анхаарч ажиллана.











